Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

6,000 оюутныг англи хэлний үнэ төлбөргүй сургалтад хамруулна

ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооноос оюутан, залуучуудад зориулж англи хэл болон хувь хүний хөгжлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон байна. Энэ талаархи мэдээллийг авахаар тус холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадоржтой ярилцлаа.

- Англи хэлний сургалтыг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ?

- Өнөөгийн нийгэмд зөвхөн монголын гэлтгүй дэлхийн бүх л орны залуус англи хэл сурахын төлөө бүх зүйлээ зориулж байна. Учир нь олон улсын мэдээ мэдээлэлтэй хөл нийлэн алхахад болон хүссэн ажилдаа орохоос эхлээд тус хэлийг залуучуудаас нийгэм өөрөө шаардаж байна. Иймээс залуучуудын багагүй мөнгө зарцуулж суралцаж буй англи хэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Англи хэлтэй оюутан” аяны хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж дууслаа.

- Давхар хувь хүний хөгжлийн сургалт хийгдэх үү?

- Тиймээ. Дан ганц мэдлэг, боловсролтой байгаад тэр хүний хандлага, харилцаа буруу бол тэр мэдлэг бол үхмэл зүйл юм. Харин ч бүр улам дордуулах аюултай. Иймээс 16-26 насны залуусын харицлааны соёл, зөв хандлага, дадал болон өөртөө итгэх итгэлийг сайжруулах үүднээс хувь хүний хөгжлийн цогц сургалтыг давхар заах болно.

- Англи хэлний сургалтыг ямар хэлбэрээр, хэр хугацаанд хийх вэ?

- Сургалт 4 үе шаттай явагдна. Суралцагчдын англи хэлний түвшинг тодорхойлж, түвшин бүрээр анги болгон, яриа дүрэм хосолсон сургалтууд болно.

Сургалт эхний ээлжинд 2017.08.01-ээс 8.10-ны хооронд ардчилсан оюутны холбооны 21 аймаг, 9 дүүргийн удирдлагуудад зохиогдох бөгөөд 2017.08.12-оос 8.24-ний хооронд орон нутаг, дүүрэг бүрээс 200 оюутан буюу 6,000 оюутны эхний ээлжийн сургалт эхэлнэ.

2017.09.13-24-ний хооронд дараагийн шатны сургалт явагдна.

Бидэнд ирж буй саналын дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчиддаа зориулж 2017.10.02-14-ний хооронд тус сургалтыг давхар хэрэгжүүлнэ. Ингээд үзэхээр нийт 12,000 хүнийг хамруулсан сургалт болно.

- Сургалтын багш болон эцсийн үр дүн ямар байх вэ?

- Сургалтыг мэргэжлийн гадаад, монгол багш явуулах бөгөөд Сургалтанд хамрагдсан залуусыг тус хэлээр төгс болно гэж бид хэлэхгүй. Хаана ч явсан өөрийгөө англи хэлээр танилцуулаад, хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх, бичих тэр түвшинд баттай хүргэнэ гэж итгэж байгаа.

- Сургалтанд суусныг батлах сертификат олгох уу?

- Өдөр бүрийн хичээлээр суралцагчдын үр дүнг тодорхойлсон тест авагдах юм. Эцсийн дүндээ хамгийн өндөр оноо буюу босго давсан оюутнууд дараагийн ээлжинд тэнцэх ба тухайн оюутнууд албан ёсны сертификат авна.

- Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

- Манай байгууллагын facebook хуудас болох Ардчилсан намын дэргэдэх ардчилсан оюутны холбооны албан ёсны хуудас хаягнаас авч болохоос гадна 99101148 дугаарт холбогдож мөн авах боломжтой.

 

Эх сурвалж: Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо