Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИД-ийн урд хэсгийг АВТОМАШИНГҮЙ гудамж болгох эхлэл тавигдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо.  

Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11,000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. 

 

Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна.

Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.

 

Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс