Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол үндэстэн хүүхдүүдийн урлагийн наадам боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Хараацай” театрт энэ сарын 24-нд үндэсний хувцасаараа гоёсон бяцхан үрс дуу хуур, бүжгээ толилуулан урлагийн наадам хийлээ.

Энэ удаагийн урлагийн наадмаар улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх гээд олон олон эрхэм зорилтын дор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны урлаг соёлын солилцооны нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Оросын холбооны Буриад улсын 40 гаруй дугуйлан сургууль, ордон, хамтлагийн 750 гаруй хүүхэд багачууд оролцсоноос төгсгөлийн шатанд 150 гаруй хүүхэд багачууд шалгарсан бөгөөд зусланд амарч байгаа орон орны найзууддаа тоглолтоо толилуулсан юм.

Мөн шилдгээр шалгарсан оролцогчидод шагнал гардуулав.

 

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар