Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол НЭМЭЛТ санал хураалт явуулна

Б.Ану
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн санал хураалт дуусахад нэг хүрэхгүй цаг үлдээд байна. 

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 38.44 хувь байсан байсан юм. 

Сонгуулийн Ерөнхий Хороо 22:00 цагаас Сонгуулийн дүнг мэдээлж эхэлнэ. 

Дахин санал хураалтаар ирц нь 50 хувь хүрэхгүй бол яах вэ гэсэн асуулт их байна. Хэрэв ирц нь хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна. Энэ санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцох юм.

Сонгуулийн тухай хуулийн 106.1-т зааснаар “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэжээ.

Харин нэмэлт санал хураагаад ч ирц хүрэхгүй бол яах талаар Сонгуулийн хуулинд мөн тодорхой заажээ. Нэмэлт санал хураалтыг нэмээд ч ирц нь хүрэхгүй бол сонгуулийн дүнг шууд гаргана гэсэн байгаа юм. 

Сонгуулийн тухай хуулийн 106.6-д зааснаар “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэжээ.

Харин дахин сонгууль явагдах нэг л үндэслэл бий. Энэ нь ирц биш юм. Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал (50%+1) авч чадахгүй бол сонгуулийг дахиж явуулна /яг одоогийн нөхцөл байдалтай адил/. Хэрэв сонгууль дахиж явах нөхцөл бүрдвэл намууд нэр дэвшигчдээ солих шаардлагатай.