Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: Төв аймгийн нийт хэсгийн саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах тогтоол гарсан

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймагт саналын хуудас уншуулах машин ажиллахгүй байгаа талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Төв аймгийн асуудалтай холбогдуулж СЕХ хуралдсан. Санал тоолж дүн гарахаас өмнө бид засварлаж ажиллагаанд оруулна. 

Мөн Төв аймгийн нийт хэсгийн саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах тогтоол гарсан. Энэ нь Төв аймгийн нийт хэсгийн саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж баталгаажуулна. 

Гараар тоолох ажиллагаанд сонгуульд оролцож байгаа хоёр намын Нарийн бичгийн дарга нарыг байлцуулна" гэв.

Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй

Хамтарсан ажлын хэсгийн ахлагч н.Эрдэнэбат "Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн.

Шалгаж үзэхэд бар кодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. 

Нэгэнт саатал гарсан учраас бид Төв аймгийн саналыг бүгдийг нь гар ажиллагаанд шилжүүлсэн. Үүнийг засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа. Ямар арга хэмжээ авч байгаа гэхээр дутуу хэвлэгдсэн саналын хуудсыг нь уншдаг байдлаар програм солих ажил хийж байна.

Төв аймаг 27 сумтай. 21 суманд нь засвар хийсэн машинуудыг нь хэвийн ажиллагаанд оруулсан.

6 суманд нь цаашаа явж засах ажил хийж байна.

Саналын хуудас яагаад буруу хэвлэгдсэнийг бид тогтооно.

Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй".