Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Монголчууд үр хүүхдээ, хувь заяагаа хэдэн төгрөгөнд даатгахгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

С.Ганбаатар "Сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт ард иргэддээ уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд миний бие оролцохдоо Монгол Улсын төрийг хулгайгүй болгохыг хүссэн.

Офшорчид авлигачдаас чөлөөлж, уул уурхайн баялагаас хулгай хийхээ больж олон цэцэрлэг сургууль баригдана, тэтгэвэр нэмэгдэнэ. Бид ийм зорилго тээж орсон. Хагас сая орчим хүн биднийг дэмжиж, хандиваа өгсөн, итгэлээ өгсөн, сэтгэлээ өгсөн. Бид ялсан, тэд луйвардсан.

Бид энэхүү хууль бус Сонгуулийн Ерөнхий Хорооны, МАНАН-гийн луйвартай эвлэрэхгүй. Тэмцэнэ.

Гэхдээ ард иргэдээ эрсдэлтэй байдалд оруулахгүй. 7 сарын 1-нийг давтуулахгүйн тулд бид хууль шүүхийн аргаар тэмцэлээ явуулж байгаа. 

УИХ-д СЕХ-г татан буулга гэсэн шаардлагаа тависан байгаа. СЕХ луйврын байгууллага. Тал нь АН, тал нь МАН-аас бүрдсэн.

Мөн удаа дараа хоёр нэр дэвшигчийн аль нэг нь манай гэр лүү халдан дайрсан. Тэсрэх бөмбөг, сум явуулсан. Бид үүнийг хав дарсан. Арчаагүй гүтгэлгэ, эвлүүлгүүд тараасан. Энэ нь одоо болтол үргэлжилж байгаа. 

Цахим сүлжээгээр С.Ганбаатар Х.Баттулга, М.Энхболдыг дэмжсэн гэсэн худал зүйл явуулахаа боль. Та хоёр одоо боль. Монголын ард түмнийг худалдаж авч болно гэдэг энэ бодлоосоо одоо сал. 

Монголчууд үр хүүхдээ, хувь заяагаа хэдэн төгрөгөнд даатгахгүй.

Тиймээс энэхүү фэйсбүүк, цахимаар явж байгаа луйврын гүтгэлгээ зогсоо. Монголын ард түмэн ухаантай.

Монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Хэрвээ сонгох гэж байгаа хүн чинь хулгайч луйварчин биш бол заавал сонгох албагүй гэдэг хуулийн заалт байдгийг санаарай" гэв.