Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос төрийн албанд хүнийг “сохроор ажилд авах” зарчим нэвтрүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар төрийн албанд хүнийг ажилд авахдаа “сохроор ажилд авах” зарчмыг нэвтрүүлж байгаагаа өчигдөр зарлалаа.

Ингэснээр төрийн байгууллагууд ажил горилогчоос гэрэл зураг, биеийн гадаад байдал, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, төгссөн сургууль зэрэг ажлын байртай шууд хамаагүй мэдээллүүдийг нь авахыг хоригложээ.

Тус улсын төрийн 332 байгууллага бүгд энэхүү зарчмыг даруй мөрдөж эхлэх ёстойг Хөдөлмөр Эрхлэлтийн яам мэдээлсэн байна.

Харин орон нутгийн засаг захиргааны 149 байгууллага ирэх сард сургалт заавар авсны дараа уг журмыг мөрдөж эхлэх гэнэ. “Төрийн албанд ажил горилогчид бүгд ижил нөхцөлтэйгээр өрсөлдөх боломжийг хангах гэж уг зарчмыг нэвтрүүлж байна” хэмээн дэд сайд И Сун Ки ярьжээ.

Гэхдээ зарим онцгой тохиолдолд нэмэлт мэдээлэл шаардаж болох гэнэ. Тухайлбал харуул, хамгаалалтын ажилд орох хүнээс харааны түвшингийн талаар мэдээлэл шаардах гэх мэт.

Ярилцлагын үеэр ажилд хамааралгүй асуулт асуухыг хориглох зарчим бас нэвтэрч байгаа аж. Дээрх зарчмыг цаашдаа хувийн компаниудад ч нэвтрүүлэх хууль санаачилна гэдгээ засгийн газар зарласан байна.

Гэвч хувийн компаниуд засгийн газрын энэ шаардлагыг таагүй хүлээж авч байгаа нь судалгаанаас харагджээ.

Хувийн компаниудын 6.1 хувь нь ийм зарчмыг ажилд хүн авахдаа хэрэглэдэг бол 52 хувь нь ийм хууль хэрэгжүүлэхийн эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Ингэх нь ажил горилогчид өөрийн тухай худал мэдээлэл өгөх цоорхой үүсгэнэ гэж тэд болгоомжилж байгаа аж.

Өмнөд Солонгос улсад хүнийг ажилд авахдаа хэт хувийн үзүүлэлтээр нь дүгнэдгээрээ алдартай. Ихэнх байгууллагууд ажил горилогчийн биеийн жин, өндөр, цусны бүлэг, эцэг эхийнх нь мэргэжил, орлогын хэмжээ зэрэг хэт хувийн чанартай мэдээллийг шаарддаг байна.

2013 онд тус улсын Хүний Эрхийн Үндэсний Коммисс дээрх үзэгдлийг зогсоохыг компаниудад зөвлөж байжээ. Шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэхүү уламжлалт арга барилыг халахаа амлаад байгаа юм. Олон улсад ч ийм практик хэрэглэгдэх нь ховор.

Жишээ нь АНУ-д ажил горилогчийн биеийн өндөр, жинг асуух нь хууль бусад тооцогддог ба ажлын байртай холбоогүй мэдээлэл шаардвал тус байгууллагыг шүүхдэх боломжтой байдаг.

 

Эх сурвалж: Korea Times