Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн цэрэг дүрвэгсдийг зогсоохоор Италийн хил дээр иржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Австрийн засгийн газар Италийн хилээр даван ирж байгаа дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд цэрэг, танк ашиглахад бэлэн байгаагаа зарлажээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Ханс Петр Доскозил дөрвөн хуягт тээвэрлэгч бүхий 750 цэргийг Италитай хиллэдэг Тирол бүс нутагт илгээсэн тухай мэдэгдсэн байна.

Сайд мөн их хэмжээний дүрвэгсдийн урсгалыг Альпийн нуруунд оршдог Бреннер боомтоор нэвтрэхийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэгтэй байгааг ярьжээ.

Энэ боомтод удахгүй хилийн пост ажиллуулж эхлэх гэнэ. Уг нь Итали, Австри улсууд Шенгений бүсэд багтдаг тул хил дээрээ шалган нэвтрүүлэх постгүй байдаг юм.

2015 онд нэг сая гаруй дүрвэгч Европт ирэхэд Шенгений зарим орнууд хилийн постоо эргүүлэн сэргээж байв. Эдгээр хоёр улсад жилийн дотор сонгууль болох гэж байгаа бөгөөд дүрвэгсдийн асуудал хурц сэдвүүдийн нэг болоод байгаа юм.

2017 онд Газар дундын тэнгисийг туулан ирэх дүрвэгсдийн тоо шинэ дээд амжилт тогтоохоор байгаа. Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Италид 85,183 дүрвэгч ирсэн бол ноднингийн мөн үед 71,279 дүрвэгч ирж байжээ. Он гарсаар 2,150 дүрвэгч ирэх замдаа далайд живсэн байна.

Австрийн иргэд их хэмжээний дүрвэгч Италид ирсээр байгаагаас их болгоомжилж байгаа гэнэ. Гэвч ирэх аравдугаар сард сонгууль болох тул улс төрчид сэргийлэх арга хэмжээ авахгүй байх вий гэсэн айдас бас байгаа юм.

Италичууд дүрвэгсдийн асуудлыг зохицуулж дийлэхгүй болж, Европын Холбооноос дэмжлэг хүссээр байгаа. Гэвч Брюссель Италийг олон тооны дүрвэгсдийн орогнох газар нэмж байгуулах, шаардлага хангахгүй дүрвэгсдийг ирсэн газар руу нь буцаахыг зөвлөхөөс хэтрэхгүй байна.

Маргааш буюу Пүрэв гарагт Европын Холбооны улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалт Таллинд болох үеэр энэ асуудлыг хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: The Guardian