Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баясгалан: Монгол Улс нэг тэрбум ам.долларын эрсдлээс хамгаалагдаж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ.

Энэ талаар өнөөдөр Хууль Зүй дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан. Арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гаргалаа.

Энэхүү арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн.

Энэ маргаанд ялалт байгуулсанаар Монгол Улс нэг тэрбум ам. долларын эрсдлээс хамгаалагдаж байна гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар урд нь нийт таван удаа арбитрын маргаанд хариуцагчаар татагдаж орж байсан. Энэ удаагийн маргаанд ялсанаар одоо Монгол Улсын Засгийн Газрыг хариуцагчаар татсан нэг ч маргаан байхгүй болж байна гэсэн үг юм.

Манай Засгийн газар хуульчид олон упсын нэр хүндтэй хуулийн фирмүүдийн хамтын ажиллагааны үр дунд их хэмжээний мөнгө нэхэмжилсэн арбитрын томоохон маргаанд ялалт байгуулж, эдийн засагт хохирол учруулах эрсдлээс сэргийлж чадлаа" гэв.

Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй аж.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортолж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон байжээ.

Үүнтэй холбогдуулан 'Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани олон улсын арбитрт хандан Монгол Улсын Засгийн газраас 1 тэрбум ам. доллар нэхэмжлээд байсан аж.