Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Берлиний цагдаа алтан зоосны хулгайчдын дүрсийг тарааж, тусламж хүсчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард Берлиний музейгээс маш ховор, дурсгалын алтан зоосыг хулгайлсан хэрэг гарч байв. Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны шөнө гурван этгээд метроны замаар дамжин ЮНЕСКО-д бүртгэлтэй Боде музейд нэвтрэн 2007 онд Канадад бүтээсэн, дурсгалын “Агч модны том навч” нэртэй зоосыг хулгайлсан юм. 100 кг цэвэр алтаар бүтээсэн аварга зоос нь 1 сая орчим ам долларын үнэлгээтэй гарсан боловч алтны өнөөдрийн ханшаар бараг $4 сая хүрнэ.

 

Хулгайч нар хэргийн газарт олс, сүх, шат үлдээсэн байна. Сүхийг худалдаж авсан мөрөөр цагдаа нар одоо шалгаж байгаа гэнэ. Тэд музейгээс түрдэг тэргээр зоосыг тээвэрлэн доош цонхоор буулгаад тэндээсээ авч зугтжээ.

Тэгвэл өчигдөр Берлиний цагдаа хяналтын камерт үлдсэн хулгайч нарын дүрсийг нийтэд үзүүлж, мэдээлэл өгөхийг хүссэн байна. Хулгайчдыг баривчлахад хэрэгтэй мэдээлэл өгсөн иргэнд  5,000 евро амлажээ.

Зоосыг 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү музейд үзүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: Russia Today