Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Төсвийн тухай хууль зөрчин дангаараа шийдвэр гаргах эрх зүйн чадамж Засгийн газарт байхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх болсон талаар шийдвэрлэж, олон нийтэд мэдээлээд байгаа юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ж.Эрдэнбат Засгийн эрхийг гартаа авангуутаа эдийн засаг хямарлаа гэсэн шалтгаанаар хүүхдийн мөнгийг үндсэнд нь хүчингүй болгосон. 2018 онд 60 хувьд нь, 2019 онд 40 хувьд нь олгохоор төсөв батлуулсан байгаа.

Хоёр л үндэслэл хэлье. Нэгдүгээрт, ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг багасгах, хасах амлалт өгсөн гэдгийг өөрсдөө удаа дараа ярьсан. Гэтэл ийм шийдвэр гаргасан нь тэд ОУВС-тай зөвшилцөөгүй байгааг харуулж байна. Одоо л зохиомлоор гаргадаггүй юм бол зөвшилцсөн ямар ч үндэслэл, мэдээлэл алга.

Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг шууд Засгийн газар гаргах эрхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хийсэн мэдэгдэл хууль зөрчиж байгаа юм.

Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан улс төрийн мөнгөн амлалтын шоу хийж байгааг бид эсэргүүцэж байна.

Бид хүүхдийн мөнгийг ялгалгүй олгохыг эрх баригчдад эрх авсан өдрөөс нь эхлэн шаардсан.

УИХ-аас Төсвийн тодотголыг батлаагүй байхад, Төсвийн тухай хуулийг зөрчин дангаараа шийдвэр гаргадаг эрх зүйн чадамж Засгийн газарт байхгүй. Тиймээс үүнийг дахин ард түмнийг хуурах үйлдэл хийж байгаа гэж харахаас өөр арга алга.

"Чухам юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй уул уурхайн баялгийг зарцуулах эрх байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн бид өр тэглэх буюу цалин, тэтгэвэр, оюутны, малчны гэсэн дөрвөн төрлийн зээлийг тэглэх саналыг оруулсан.

Өнөөдөр үүнийг эрх баригчид хэрэгжүүлэх ёстой. Эрдэнэс Таван Толгойгоос олж байгаа уул уурхайн баялгийн ашгийг ард түмэндээ хамгийн түрүүнд олгох хэрэгтэй.

Тэд өнөөдөр чухам юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй уул уурхайн баялгийг зарцуулах эрхгүй. Бидний хувьд олигархиуд, баян цатгалан хүмүүсийн хэдэн зуун тэрбумаар нь авсан өрийг тэглэх гэж байгаа асуудал огт байхгүй.

Нийгмийн амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа иргэдийн зээлийг тэглэх санал гаргасан. Харин тэглэхдээ төсвөөс биш уул уурхай, ашигт малтмалаас олсон орлогын ногдол ашгаас барагдуулах бодлогыг судлах ажлыг зохион байгуулахаар санаачилсан.

Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр шүүхийн шийдвэр гарч, УИХ-ын тогтоол хууль зөрчсөн байгааг нь тогтоож, энэ үйл ажиллагаа түтгэлзсэн.

Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувь хэн нэгний өмч биш. Өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараана гэдэг асуудал байхгүй.

Тэгэхээр шүүхийн бие даасан байдал хараат бус байдлыг ноцтой зөрчиж байгаа нь хууль бус ноцтой үр дүнг дагуулна гэдгийг анхааруулмаар байна” гэлээ.

"УИХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын гүтгэлгийг эсэргүүцэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Өгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д хэлэлцэх үед УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар Ардчилсан нам эрх барьж байх үедээ Нийслэлийн засаг захиргааны байрыг зарсан байна гэсэн.

Тун хариуцлагагүй, санаанд оромгүй зүйлийг мэдэгдэж, гүтгэн гүжирдлээ.

Хүнийг гүжирдэн, гүтгэх эрх ямар ч Засаг даргад байдаггүй. Засаг захиргааны байрыг зарах эрхтэй ямар ч албан тушаалтан Монгол Улсад байхгүй.

М.Энхболд өөрөө ч Засаг дарга байсан хүн сайн мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын энэхүү гүтгэлгийг хууль зөрчсөн учраас эрс эсэргүүцэж байна.

Эсэргүүцээд зогсохгүй хууль, шүүхийн байгууллага тэр дундаа Үндсэн Хуулийн Цэцэд хандах болно гэдгээ мэдэгдье” гэв.