Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Ромчуудын ашигладаг байсан бат бэх бетоны нууцыг тайлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2,000 гаруй жилийн өмнө байгуулагдсан эртний Ромын боомт зогсоолууд Европ даяар өнөөдөр ч ашиглагдаж байдаг.

Гэтэл орчин үеийн бетон зуурмагаар байгуулсан зогсоолууд хэдэн арван жилийн дотор усанд идэгдэж эвдэрдэг нь гайхалтай. Тэгвэл эрдэмтэд Ромчуудын бат бэх бетоны нууцыг тайлж, эртний технологийг өнөөдөр ашиглавал байгаль орчинд ээлтэй болохыг зөвлөсөн байна.

Ромчууд даланд ашиглах бетоныг зуурахдаа шохой, далайн ус, галт уулын үнс, чулууг хольдог байжээ. Галт уулын үнсэнд агуулагддаг бодис нь далайн устай урвалд орохдоо улам батжиж бэхждэг байсныг олж тогтоосон байна. Гэтэл орчин үеийн бетон далайн усанд эвдэрдэг юм.

Ингэж бий болгосон бетонд хөнгөн цагааны тоберморит хэмээх ховор элемент агуулагддаг ажээ. Далайн устай нийлэхдээ уг элемент нь кристалжиж улам тэлдэг байна.

Ингэснээр далайн усанд удах тусмаа бетоны бат бэх чанар нэмэгдсээр байдгийг олж тогтоожээ. Өнөөдрийн цементэд суурилсан бетоныг үйлдвэрлэхэд өндөр температурын зуухнуудыг ашигладаг нь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд нэмэр болдог. Харин эртний бетон бүтээх аргад шилжвэл энэ сөрөг нөлөөг үгүй хийж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явагдахыг Ютагийн их сургуулийн геологич Мэри Жэксон ярьжээ.

Өнөөдрийн төлөвлөгдөөд байгаа зарим усны далан байгуулах төслүүдэд Ромчуудын бетоныг ашиглавал олон зуун жилийн эдэлгээ даах бүтээн байгуулалт болно гэдгийг профессор Жэксон баталж байна.

Эх сурвалж: Independent