Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Британид их халж байгаагаас сургуулийн хөвгүүд банзал өмсөх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоног Британид агаарын хэм ихээр нэмэгдэж, сүүлийн 40-өөд жил үзэгдээгүй халуун зургаадугаар сар болж байна.

Тус улсын баруун өмнө зүгийн Экзетер хотын Isca Academy дунд сургуулийн дүрэмд ямар ч халуун болж байсан сурагч хөвгүүдэд богино өмд өмсөхийг хориглодог ажээ. Тиймээс халуунд өмд өмсөхөөс зайлсхийсэн сурагч хөвгүүд нэгэн арга бодож олсон нь охидын өмсдөг банзлыг өмсөх байв. Өчигдөр буюу Пүрэв гарагт дүрмийн цоорхойг ашигласан 30 хүү банзал өмсөж хичээлдээ иржээ. Сургуулийн захиргаа тэднийг шийтгэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Захирал бичгээр мэдэгдэл гаргахдаа хөвгүүдийн банзал өмссөн тухай дурдалгүй, харин дүрэмт хувцасны дүрмээ эргэж харах тухай амлалт өгчээ. Мэдэгдэлд “Сүүлийн хэдэн хоног онцгой их халж байгаа тул бид өөрийн сурагчид болон ажилтнуудад аль болох тохирох хувцас өмсөхийг нь зөвшөөрч байна. Богино өмд бол манай сургуулийн дотоод дүрэмд зөвшөөрөгдөөгүй хувцас. Гэхдээ сурагч, эцэг эхчүүдтэй зөвлөлгүйгээр би хувцаслалтын дүрэмд өөрчлөлт оруулах бодолгүй байна. Нэгэнт цаг уурын халалт хэвийн үзэгдэл болж байгаа тул дүрмийг өөрчлөх талаар бодож байгаа” гэжээ.

Сурагчдын авсан арга хэмжээ цорын ганц тохиолдол биш. Саяхан Францын баруун хэсгийн Нантес хотын автобусны эрэгтэй жолооч нар мөн ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. Учир нь автобусны жолооч нарыг богино өмдтэй ажиллахыг дүрмээр зөвшөөрдөггүй тул эмэгтэй жолооч нарын дүрэмт хувцас болох банзлыг өмсөн их халуунаас өөрсдийгөө хамгаалсан байна.

 

Эх сурвалж: Associated Press