Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма: Хүмүүс удахгүй ажлын дөрвөн цагтай болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Детроит хотод болж байгаа Gateway 21 бизнес эрхлэгчдийн чуулганд оролцсон Хятадын Алибаба гурппын тэргүүн Жэк Ма ойрын ирээдүйд хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт орох талаар CNBC сувагт ярьжээ.

Тэрээр “Хүмүүс удахгүй өдөрт дөрвөн цаг, магадгүй долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг болно. Миний өвөө тариан талбай дээр өдөрт 16 цаг ажилладаг байсан. Тэгвэл өнөөдөр бид долоо хоногийн таван өдөр найман цагаар ажиллаж байгаагаа маш завгүйд тооцож байна” хэмээн ярьсан юм.

Жэк Ма ажлын дөрвөн цагтай болох үеийг ойрын 30 жилийн дотор ирнэ гэж үзсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайн нь технологийн хувьсгалын үр дүн байсан бол хоёр дахь технологийн хувьсгал нь дэлхийн хоёрдугаар дайны шалтгаан болсон. Тэгвэл гурав дахь технологийн хувьсгал буюу хиймэл оюун, роботын эрин нь дэлхийн гуравдугаар дайныг үүсгэх магадлалтай гэж тэр ярьжээ.

Жэк Ма мөн роботуудыг ажиллуулж, завтай болсон хүмүүс урьд урьдынхаасаа илүү их аялж жуулчилдаг болно гэж үзэж байгаа гэнэ. “Өнөөдрийн хүмүүс амьдралдаа дунджаар 30 орчим газраар аялж үздэг. Тэгвэл 30 жилийн дараа зорчих газрын тоо нь 300 болох байх” гэж тэр дүгнэжээ.

Англи хэлний багш асан Жэк Ма нь 1999 онд Алибаба компанийг үүсгэн байгуулж байсан. Одоо Алибаба групп нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болж, Азийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод байгаа юм.

 

Эх сурвалж: CNBC