Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банканд хөндлөнгийн аудитын шалгалт хийжээ

Б.Бат, Өглөөний сонин
2017 оны 6 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

-Олон улсад нэр хүнд бүхий "Делойт онч" компанийн хамт олон Хөгжлийн банканд хөндлөнгийн аудитын шалгалт хийхэд тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдэлийг үнэлэх, алдааг илрүүлэх чиг үүрэгтэй нэгж байгаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд улирал тутам шинжилгээ хийсэн дүгнэлт гаргадаггүй зэрэг хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ-

Манай улсад Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан банкнуудад санхүүгийн шалгалт хийж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүгийн байдалд олон улсад нэр хүндтэй “Делойт онч” ХХК хөндлөнгийн аудитын шалгалт хийсэн байна, Харамсалтай нь, тус шалгалтаар Хөгжлийн банкны 2011-2016 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагааг үнэлүүлэхэд хэд, хэдэн ноцтой гэж хэлж болох зөрчил илэрчээ.

Өөрөөр хэлбэл, тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдэлийг үнэлэх, алдааг илрүүлэх чиг үүрэгтэй нэгж байгаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд улирал тутам шинжилгээ хийсэн дүгнэлт гаргадаггүй байсан аж. Засаглалын хувьд дээрх бүх алдаа завхралыг шинэ удирдлагын баг ажлаа аваад 2016 оноос л засаж залруулж, шинэ бүтэц, үйл ажиллагааны дотоод хяналтыг олон улсын түвшинд хүргэсэн байна. Энэ талаар хөндлөнгийн аудитын тайланд дурджээ.

Өмнөх удирдлага гадаад валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээлээ гэж өөрсдийгөө өмөөрч суудаг ч эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл огтхон ч ашигладаггүй байсныг хөндлөнгийн шалгалт илрүүлсэн байна. Тухайлбал дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан 580 сая долларын бондоос 286 тэрбум төгрөг, Японы иенийн Самурай бондоос 138.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь нэг их наяд төгрөг буюу 1,000 сургууль, цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэсэн байна.

Гадаад валютын ханшийн эрсдэлийг тооцоогүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгоогүй нь мэргэжлийн энэ том байгууллагын хувьд яах аргагүй том алдаа. Шинжилгээ хийсэн хугацаанд 8.3 тэрбум төгрөгийн алдагдалд хүргэсэн Еврогийн зээлд л алдагдлыг бууруулах зорилгоор санхүүгийн хэрэгслийг ашиглажээ. Бусад тохиолдолд Хөгжлийн банкнаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Товчхондоо валютын ханшийн хэлбэлзлийн улмаас Хөгжлийн банканд учрах эрсдэлийг үнэлээгүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгон авах боломжийг судлаагүй, хүйтэн, хөндий, хүнийрхүү, мэргэжлийн бус хандсан нь өмнөх удирдлагын багийн алдаа юм.

Олгосон зээлийн хувьд Хөгжлийн банкнаас 2012 онд баталсан тогтоолын дагуу нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ тухайн банкны зээлийн багцын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2012-2014 онд олгосон зээлийн хэмжээ 32-41 хувь болтлоо данхайсан, хэтэрсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т зааснаар зээлийн шийдвэрийг тус банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газар болон Эрсдэлийн газрын дүгнэлтийг үндэслэн Зээлийн хорооноос гаргана гэж заасан байдаг байна.

Гэтэл 41 зээлийг дээрх газруудын зөвшөөрөлгүй олгосон нь хөндлөнгийн аудитаар тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд чоно борооноор гэгчээр хулгайгаар, хяналтгүй 41 зээл гаргажээ. Гуравдугаарт Хөгжлийн банк нь барьцаа хөрөнгийг хураан эзэмшихээс илүүтэйгээр зээлүүдийг дахин бүтцийн өөрчлөлтөд opcон буюу төлбөр хийх хугацаа сунгах, шинэ зээлийн нөхцөлийг тохиролцоо зэргээр зах зээлийн бус аргыг ашигладаг байсан байна. 2016 оны эцсээр Хөгжлийн банкны алдагдал 192 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн үнэ цэнийн бууралтын нөлөө өндөр байв.

Тухайлбал зээлийн багцын есөн хувь нь үнэ цэнэ буурсан, 34 хувь хугацаа хэтэрсэн болон 49 хувь нь бүтцийн өөрчлөлтөд орсон зээл байна. Үнэ цэнийн бууралтад орсон зээлийн 35 хувьд эрсдэлийн сан байгуулсан бөгөөд, нийт гаргасан зээлийн гурван хувийг эзэлж байна. Нэг үгээр хэлбэл олгосон зээлийн 92 хувь нь асуудалтай байна гэсэн үг. Түүнчлэн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан хэлцлээс ихээхэн алдагдал хүлээсэн байна.

Тухайлбал Хөгжлийн банк 2014 онд 31 сая евротой болсон. Үүнээс 21 сая еврогоор нь Худалдаа Хөгжлийн Банктай 2015 оны гуравдугаар сарь 3-н хүртэл своп хэлэлцээр хийсэн байна. Гэсэн хэдий ч хэлцэл эцэслэх хугацаа гурван удаа хойшлогдож эцэст нь 2016 оны нэгдүгээр сарын 29-нд дуусгавар болжээ.

Худалдаа Хөгжлийн Банктай хийсэн хэлцлээс найман тэрбум 268 сая 860 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүнээс гадна 2013 оны наймдугаар сард Засгийн газраас Монгол Улсын нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Хөгжлийн банк нь 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-д 170 тэрбум 595 сая төгрөгийн зээлийг жилийн 4.25 хувийн хүүтэйгээр зам дэд бүтцийг худалдан авахад зориулж олгосон байна.

Зээлийн эрсдэлийг Хөгжлийн банк үүрч нэг тэрбум 48 сая 984 мянган төгрөгийн алдагдал хүлээжээ. Хөндлөнгийн аудитын зөрчлүүдийг дүгнээд хэлэхэд өмнөх удирдлага, АН-ын засгийн үед Хөгжлийн банк гэдэг энэ их айлыг эзэнгүйдүүлж, үйл ажиллагааг нь доройтуулж, хууль журмыг уландаа гишгэж, тус намаас угшилтай компаниудыг мөнгөөр угжиж өмнөөс нь дааж давшгүй алдагдал хүлээлгэж иржээ.

Зураг