Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын талаарх Дональд Трампын бодлогод өөрчлөлт гарсан байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн мэдэгдлийг твиттер хуудсандаа бичсэн нь түүний Хойд Солонгосын талаарх бодлогод эргэлт гарсан байж магадгүйг харууллаа.

Трамп “Хойд Солонгосын асуудлаар ерөнхийлөгч Ши болон Хятадын талын гаргаж байгаа хичээл зүтгэлд би талархаж байгаа ч энэ нь үр дүнд хүрсэнгүй” гэж бичжээ.

Түүний мэдэгдлийн урд өдөр нь Хойд Солонгосын шоронгоос суллагдсан америк оюутан Отто Уормбер нас барсан юм. Трампын энэхүү мэдэгдлийн дараа CNN агентлаг Вашингтон дахь албаны хүмүүсээс сурвалжлахад “одоогоор бодлогын өөрчлөлтийн талаар мэдэгдсэн зүйл байхгүй байна” гэж хариулжээ.

Мөн саяхан Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд үйл ажиллагаа идэвхжиж эхэлснийг тагнуулын хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын армийнхан ерөнхийлөгчид мэдээлсэн тухай CNN дамжууллаа.

Дональд Трамп өмнө нь хэрвээ Хятад улс Пёньяныг номхруулж чадахгүй бол АНУ өөрөө арга хэмжээ авна гэж удаа дараа мэдэгдэж байв. Тэр бас цөмийн туршилт хийсэн тохиолдолд зүгээр суухгүй гэдгээ хэлж байсан юм.

Хойд Солонгосын асуудлыг шийдэх бүх арга зам, түүний дотор цэрэг дайны ажиллагаа явуулах боломжийг ч судлахаа Трамп өмнө нь илэрхийлж байв. Харин ингэвэл хамгийн их хохирол амсах Хятад, Өмнөд Солонгос улсууд зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм.

Бодлогыг нь урьдчилж таахын аргагүй гэгддэг Дональд Трамп ийнхүү учир битүүлэг мэдэгдэл хийлээ. Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь салгахын тулд авах дараагийн арга хэмжээгээ Вашингтон төлөвлөөд эхэлсэн бололтой.

 

Эх сурвалж: Business Insider