Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд тэжээлийн бодис багатай хоол хүнс хэрэглэж байгаа нь тогтоогджээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилгоор Төв Евразийн орнуудын "Шим тэжээлийн чуулган 2017" өнөөдөр эхэллээ. 

“Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа уг чуулга  уулзалтыг Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж  MHI байгууллага  санаачлан,  УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ивээл дор  ХХААХҮЯ, ЭМЯ,  ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, А.Ундраа , ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон Казахстан, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Тажикистан  улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хамтын ажиллагааг нягт уялдуулах зорилготой аж. Мөн олон улсын экспертүүдээс хүнс баяжуулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандарт шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдтэй танилцаж мэдээлэл авах юм.  

Ц.Сонинхишиг: Монголчууд бичил шим тэжээлийн бодисуудыг хангалттай сайн авч чадахгүй байна
 

Чуулганд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль хамтран оролцож байгаа ба хоол зүй, шим тэжээлийн хүрээнд олон ажлуудыг гүйцэтгэдэг байна. Энэ хүрээнд ШУТИС-ийн эрдэмтэн багш нар 2013 онд "Монголын хүн амын хүнсний хэрэглээний бодит судалгааг" хийсэн байна.

Судалгааны үр дүнд Монгол хүн илчлэгийн нягт ихтэй, тэжээллэгийн нягт багатай хоол хүнс хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ талаар ШУТИС-ийн шим судлалын багш Ц.Сонинхишиг "Судалгааны дүнд маш бага хэмжээтэйгээр хоол хүнсээр дамжуулан авч хэрэглэх ёстой бичил шимт бодисуудын хэрэглээ их доогуур үзүүлэлттэй байсан. Үүнээс үүдээд улс орны нийгмийн эрүүл мэндийн асуудлууд гарч ирдэг. Тухайлбал халдварт бус өвчин, таргалалт, чихрийн шижин, цусны өндөр даралтууд зэрэг нь бичил шим тэжээлийн бодисуудыг хангалттай сайн авж чадахгүй байгаагаас үүсдэг. Бичил шим тэжээлээр хамгийн баялаг хүнс бол хүнсний ногоо, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнүүд юм.

Мөн Монголчууд нэг бол дэндүү их амьтны гаралтай хүнс, эсвэл дэндүү их хоосон илчлэгтэй тэжээлийн бодис багатай хоол хүнс хэрэглэж байна. Тийм учраас олон нийтийг хүнсээ зөв сонгох дадал зуршилд суулгахад чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийх хэрэгтэй болов уу" гэв.

"Сүрьеэгүй Улаанбаатар хот санаачилга"
 

Чуулганы үеэр "Сүрьеэгүй Улаанбаатар хотыг бий болгож болох уу?" гэсэн салбар хуралдааныг зохион байгууллаа. Энэхүү салбар хуралдаанаар сүрьеэ болон шим тэжээлийн асуудлын хамаарлыг хэлэлцэхээс гадна Харвардын их сургуулиас эхлэлтэй "Сүрьеэг тэглье - Сүрьеэгүй хотууд" санаачилга, түүнийг амжилттай хэрэгжүүлж буй хотуудын туршлага, "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцаж байна.

Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагын сүрьеэгийн төслийн зөвлөх О.Батбаяр "Сүрьеэгүй хотууд санаачилга нь сүрьеэгийн эсрэг тэмцэж байгаа байгууллага болон улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Энэ нь орон нутгийн засаг захиргааны оролцоон дээр тулгуурлан сүрьеэгийн эсрэг богино хугацаанд амжилттай тэмцэх шинэ санаачилга юм. Америкийн Харвардын Анагаахын Их сургууль байгууллагуудтай хамтран энэхүү санаачилгыг гаргасан. 

Одоогоор Энэтхэг, Өмнөд Африк, Пакистан, Кени, Оросын зарим хотууд энэхүү санаачилгад нэгдэн хотынхоо онцлогт тохирсон стратеги боловсруулж, санхүүжилтын уламжлалт болон шинэлэг хэлбэрээр төсөл хөтөлбөрүүд боловсруулж өөр хоорондоо мэдлэг мэдээлэл солилцож ажилладаг. 

Улаанбаатар хотын хувьд энэ оны нэгдүгээр сард ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагын үүсгэн байгуулагч Д.Ганмаа нар "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан байгаа" гэв

"Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг бүх дүүргүүдэд шат дараалан хэрэгжүүлэх аж. Энэхүү чуулганаар Сүрьеэгүй Хан-Уул хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөжээ.