Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк 0.89 хувийн хүүтэй зээл олгож байжээ

Б.Төгөлдөр
2017 оны 5 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Монголбанк

-Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчхоод бид гаднаас бадарчлаад гадны компанийн шахалтад ороод явж байна шүү дээ-

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хамгийн ихээр анхаарал татсан нь Монголбанканд хийсэн шалгалтын дүнг сонсох байлаа. Тус байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан ажилласан бөгөөд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй байв. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас гадна УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажиллажээ.

2012, 2013, 2014 онд инфляцын түвшин зорилтот түвшнээс хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэг оронтой тоонд байлгах, 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн байна. 2015, 2016 онд инфляцыг 7 хувьд барихаар төлөвлөсөн байсан ч 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байсан дүн мэдээ гарчээ.

2012-2014 онд инфляцын зорилтот түвшнээс хэтрүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкнуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлүүдээс гадна “Чингис” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн гэжээ. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна. 

Үүнээс үүдэн инфляц өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлогын зорилт хангагдахгүйд хүргэсэн гэлээ. 2015, 2016 онд инфляци зорилтот түвшнээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн алдаатай мөнгөний бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засгийн агшилт нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.

Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүдэд Ажлын хэсэг анхаарал хандуулан ажилласан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1.045 тэрбум төгрөгт хүрч өсжээ. Нийт банкны системд чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тэр дундаа гадаад валютын зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Шалгалтаар 0.85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуйн нэгжид олгосон зөрчил илэрчээ. Уг нь Монголбанк зээл гаргах эрх зүйн боломж байдаггүй аж. Үүнээс гадна Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийн 50 орчим хувьтай тэнцэх тоо юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд тодруулга, асуулт авсныг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Төв банканд өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлүүдийг сонслоо. Үүнд одоогийн Монголбанкны удирдлагууд ямар байр суурьтай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Аливаа төрийн байгууллагын жишиг байх ёстой. Тайлбар авах ёстой юм. Монголбанканд гадна дотнын байгууллага хөндлөнгийн аудит хийсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэг бидэнтэй яриагүй. Энэ мэдээллийг манай хоёр дэд ерөнхийлөгч анх удаа сонсож байна. Би өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурал дээр анх удаа шалгалтын дүнг сонссон. Тиймээс одоо яригдсан дүгнэлттэй холбоотой асуудал бүрийг нэг бүрчлэн ярихад төвөгтэй байна. Энэ дүгнэлтийг албан ёсоор авч танилцсаны дараа саналаа хэлмээр байгаа юм. Аль ч улсын Төв банк хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрх, банкны статус гэж бий. Энэ бүхнийг харгалзан үзэж Эдийн засгийн байнгын хороо шийдвэрээ гаргахыг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголбанкны одоогийнх нь удирдлагууд дүгнэлттэй танилцаагүй гэж байна. Энэ хүмүүс танилцаагүй байхад үүнийг одоо ярих хэрэг байна уу?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх яриа яваад байдаг. Энэ үнэн үү, худал уу гэдгийг тогтоохын тулд шалгасан. Улс орны эдийн засгийг ноцтой байдалд оруулсан ийм зүйл дээр танай, манай нам гэж талцах ёсгүй. 2012-2016 онд Монголбанкны явуулж байсан үйл ажиллагаа нь Төв банкны үйл ажиллагаанаас гадуур зүйл байсан.

Тэрбум ам.долларыг Монголбанкны удирдлагууд жил бүр салхинд хийсгэсэн байна. Энэ нь өөрөө Н.Золжаргалд хариуцлага тооцох маш том жишээ юм. Интервенц хийлээ гээд валютын ханш буугаагүй, харин ч төгрөгийн ханш 83 хувиар суларсан. Энэ хариуцлагыг өмнөх удирдлага Н.Золжаргалаар төлүүлэх ёстой. 0.89 хувийн хүүтэй зээл олгож байсан жишээ Монголбанканд байна. Гэтэл зах зээл дээр зээлийн хүү 22-23 хувь байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Өнөөгийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал юунаас болов. Ард түмэн үүнд хариулт өгөөч гэдэг. Тэгвэл 2012-2016 онд Монголбанкыг удирдаж байсан хүмүүс өөрийн эрх мэдлээ хэтрүүлж ашиглажээ. Валют арилжаанаас үүссэн алдагдлыг Төв банкны ерөнхийлөгч хариуцах ёстой. Аливаа зүйлийг хаалттай, нууцын зэрэглэлтэй, цөөхөн хэмжээний банкийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байсан. Валютын ханш яаж өслөө дөө. Үүнийг дагаад үнийн өсөлт маш ихээр нэмэгдсэн. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчхоод бид гаднаас бадарчлаад гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ.

Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчхээд зугтаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн бол зугтаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү.

Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Гэмт хэрэгтэн болгон зугтааж чадаж байна. Монголчууд нэгдэж эдийн засгийн эрх ашгийн төлөө шударга явмаар байгаа шүү. Улс орон гэж байгаа юм бол ярих цаг нь болсон. Би ОУВС бидэнд баяр хүргэх байх гэж бодож байна. Гишүүд битгий зугт.

ОУВС-д Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж утасдаж хэлэх хэрэгтэй. Яагаад ийм зүйл ярьж болдоггүй юм. Т.Аюурсайхан гишүүн цаашид төрийн ажилд анхаарах зүйл байна. Ялангуяа дүгнэлтээ Монголбанкны удирдлагуудад танилцуулах ёстой. Энэ хүмүүст ажлаа тайлагнаж байгаа юм биш, ийм зүйл болсон байна гэж танилцуулж, мэдээлэлтэй болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл эд нар УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүдэд “байцаагдана” шүү дээ.

Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон юм. Энэ хүртэл Монголбанкны удирдлагууд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах юм байна.

Зураг