Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанканд хийсэн ШАЛГАЛТЫН ДҮН

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дүгнэлтийг танилцуулсан юм.

УИХ-аас байгуулагдсан тус Ажлын хэсэг Монголбанканд гурав, дөрөвдүгээр сард ажиллаж, шалгалт хийжээ.

"Монголбанкны Ерөнхийлөгчийн бие даасан, хараат бус байдлыг зааглах шаардлагатай"
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Монгол банкны нууцлалын зөрчлийг арилгах, Шилэн дансны тухай хуульд хамрагдах, алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг даалгах, нийт авлагыг барагдуулах үр дүнтэй арга хэмжээ авах, Монголбанкны эрдэнэсийн сангийн хууль бус байж болзошгүй зарим гүйлгээг хууль хяналтын байгууллагаар шалгуулах талаар хэлэлцэх саналыг хүргүүлж байна.

Мөн шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учраас 408.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн бие даасан, хараат бус байдлыг зааглаж, холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.

Гэвч Шатахуун тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар нэг үр дүнд хүрээгүй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болохыг үгүйсгэх аргагүй юм.

Ажлын хэсгийн дүгнэлт​
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү болон бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь төрд хохиролтой,
  • Яамдын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад хууль эрхзүйн актыг мөрдөж ажиллаагүй,
  • Хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн,
  • Газрын тосны үнэ тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж нийт 408.4 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулсан,
  • Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ноцтой зүйлүүдийг төрийн нууцад хамааруулсан. Шаардлагагүй мэдээллүүдийг нууцалсан,
  • Монголбанк шилэн дансыг хангалтгүй хөтөлдөг,
  • Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд нийт хуримтлагдсан алдагдлын талаас илүү хувийг хамарч байна. 2012-2016 онд нийт 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн,
  • Монголбанкны алдагдал 2016 оны эцсийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байна.
Н.Баяртсайхан: Аль ч улс оронд Төв банкны хараат бус байдлыг хүндэтгэж үздэг
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголбанкан дээр хөндлөнгийн аудитын шалгалт, үндэсний аудитын шалгалтууд явсан. Одоо яригдаж байгаа асуудал, дүгнэлт дээр шууд тайлбар хэлэхэд төвөгтэй байна.

Албан ёсоор Ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн Байнгын хорооноос авсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзэж байна. Аль ч улс оронд Төв банкны хараат бус байдлыг хүндэтгэж үздэг.

Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхт байдал хуулиар тогтоогдсон байдаг. Энэ бүхнийг Ажлын хэсэг, Эдийн засгийн Байнгын хороо харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсч байна” гэв.