Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бид хэнийг сонгох вэ?

ikon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монголчууд бидний хамтран амьдрах тоглоомын дүрэм нь Үндсэн хууль. Энэ хуулинд Та биднийг ард түмэн хэмээн тунхаглан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.” хэмээн хуульчилж, мөн “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн ард түмэнд арга замыг нь зааж өгчээ.

Та бид энэ “чиглүүлсэн” аргачлалыг өнөөг хүртэл хэрхэн ашиглаж ирсэн талаар, мөн хууль сахиулагч нарт энэ эрхийг маань эдлүүлэх хүсэл эрмэлзэл байгаа эсэх зэрэг олон асуултыг нийгэмд дагуулж байгаа ба ард иргэд зөвхөн сонгуулиар л энэ эрхээ эдэлдэг хэмээн хэвлэл мэдээллээр хөгшин залуу, боловсролтой боловсролгүй бүгд мэдэмхийрэн “тархи угаах” аж.

Удахгүй бид ээлжит сонгуулиа хийх болно, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгоно. Ард иргэд бидний төлөөлөл болсон сонгуулийн насны хоёр сая иргэдийн гурван хүний нэг нь сонголтоо хийсэн тул энэ сонгууль тэдэнд асуудал дагуулахгүй болов уу, харин үлдсэн гурван хүний хоёр нь “Бид хэнийг сонгох вэ?” хэмээх асуултанд хариулт хайж ойр дотны хүмүүс, хүн ард, хэвлэл мэдээлэл, олны танил хүмүүс, бүр хошин шогийнхон, лам багш, бөө онгоддоо хандах болно.

Харамсалтай нь эдгээр иргэдийн тал нь хайсан хариултандаа мухардаж, сонголт хийх шахаанд нухлагдан, санаа сэтгэл нь хямарч саналаа өгөх эрхээ эдлэхээс татгалзан, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ умартан, нэр дэвшигч нарын сурталчилгааны их довтолгоонд сүрдэн “ялагдсанаа” хүлээн зөвшөөрөх болдог.

Сонгуулийн насны үлдсэн гурван иргэний нэг нь сонгуулийн үр дүнг шийдэх ба тэд болдогсон бол Чингис хаанаа, Цэдэнбал даргаа, бүр ядахнаа Түдэв гуай шиг олонд эерэг дүр төрхтэй хүнийг сонгохыг хүсэх боловч бодит байдалд нийцүүлэн олны санаа оноог дагаж хар ухаанаар сонголтоо хийх болно.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь бид Монгол улсын ирээдүйн “Путин”, “Эрдоган” болох магадлалтай хүнийг сонгох бөгөөд энэ хүн нь улс төрд “долоо хэмжиж, нэг огтлох” хэмээн няхуур хандлагыг илэрхийлдэг, хүн ардаа гэсэн сэтгэлгээг эх орондоо дахин нутагшуулах хүсэл эрмэлзлийг төлөөлсөн улс төрийн хүчний манлайлагч гэдэг нь эргэлзээгүй болов уу.

Энэхүү улс төрийн хүчин нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлыг “ах дүү” намаасаа гардан авч Монгол Улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч сонгодог болгон “үл ялих” өөрчлөлт хийх, “бүх эрх”-ийг ард түмний нэрийн өмнөөс авахын тулд “бүх ард түмний хэлэлцүүлэг”-ийг “санамсаргүй” зарчмаар явуулж Та бидэнд тулган шаардах эрхээ уламжлалдаа хөтлөгдөн хээв нэг эдэлж байна.

Энэ хүчин нь “шинэчлэн найруулсан” гэх Үндсэн хуулийг 2018 онд УИХ-аар батлуулах боловч тэр нь Үндсэн хуулийн цэцийн өмнө “унах” бөгөөд тэд сурсан зангаараа үүнийг үл харгалзан 2020 оноос эхлүүлэн “хүчээр” хүчин төгөлдөр болгож Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ, “Орон нутаг”-ийн сонгуультай “хавсайдан” явуулж төрийн сүр хүчээр дахин хоёр удаа 4 жилээр сонгогдох эрхэм Ерөнхийлөгчийгөө “мөнхрүүлэх” аргаа олох нь тодорхой харагдаж байна.

Хэрвээ энэ зураглал бодит болвол “Та бидэнд, эх оронд маань ямар өөрчлөлт, дэвшил хөгжил, хямрал гашуудлыг дагуулах бол” хэмээх асуулт Монголоо гэсэн зүрх бүрийн өмнө тулгарах нь ойлгомжтой.

Хар ухаанаар задлан шинжлэхэд Монголчууд бид Оросын нөлөө их байхад “Москвад ханиахад Улаанбаатарт хатгаатай болдог” байсан шиг “Бээжинд унгахад Улаанбаатарт чяцга тавих” хандлага газар авч “Халимаг Хятад хоёр нэг цустай” гэдэг мэдэмхийрэл шиг Монгол нь Хятадын их нэгдлийг дахин сэргээсэн хэмээх түүхийн үнэнийг тоочин их гүрний “Хайрын халуун тэврэлт”-энд умбаж амьсгал авах чадваргүй Та бид мансуурах болов уу.

Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч нь худал хуурмаг санаан дээр суурилсан “гуравдагч хөрш”-ийн бодлогоосоо ухарч “гурван тулгуурт” гадаад бодлогоо түлхэх боловч бодит үнэнд гүйцэгдэн Монголчууд биднийг хүний амьсгааг “дагаж амьсгалж” сурахыг үлгэрлэн уриалах болно.

Бид мэдээж хүн дуурайхдаа гарамгай тул нэг хэсэгтээ дагаж байгаад тэнэг хүн алдаагаа давтдаг гэдгийг ухаарч ухаанаа уралдуулан “төвийг сахих” эсвэл “мөрөөрөө явах” гэсэн бодит амьдралаас урган гарсан байр сууриндаа эргэн нэгдэнэ.

Их Оросын “шовинист үзэл”, Хан үндэстний “дундад улс” хэмээх үзэл санаа нь энэ хоёр хөршийг маань хооронд нь хямруулах бөгөөд энэ хямрал их хурдацтай өрнөх магадлалтай тул энэ үед Монголчууд бид “арьсаа” хэрхэн авч гарахаа бодох ёстой нь ойлгомжтой.

Иймд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль “Бид хэнийг сонгох вэ?” гэхээсээ илүүтэй “Бид ямар ирээдүйг сонгох вэ?” гэсэн асуултанд илүү нийцэх болов уу, сонголт маань тодорхой тул сонгосон “Ерөнхийлөгчдөө хэрхэн нөлөөлөх вэ?” гэдэг нь дараагийн тулгамдсан асуулт болно.
    
Монголын Ногоон нам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.