Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Армандо Торрес: “Оюу толгой” борлуулалтын орлогоосоо давсан мөнгийг Монголын банкуудаар оруулна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар /CEO/ Армандо Торрес томилогдсон тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Ажлаа аваад удаагүй байгаа шинэ Гүйцэтгэх захирал өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж ярилцлага өрнүүллээ.

Армандо Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд "Рио тинто"-гийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байв. Тэрбээр ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.

Армандо Торрес сүүлийн зургаан жил "Рио тинто" группт удирдах ажил эрхэлсэн. Ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.


-Та өөрийнхөө тухай Монголчуудад танилцуулна уу?

-Би Бразилд төрж өссөн. Их сургуулиа химийн болон процессийн инженер чиглэлээр төгссөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Карьераа анх Бразилд хөнгөн цагааны үйлдвэрийн чиглэлээр эхлүүлж байлаа. Бразилийн өмнөд хэсэг улс орныхоо хамгийн өндөр хөгжилтэй хэсэг байдаг. Би өмнөд хэсэгт ажиллаж байгаад харьцангуй буурай хөгжилтэй хойд хэсэг рүү шилжин ажилласан юм. Тэнд ажиллаж байх хугацаандаа хамтран байгуулсан хөнгөн цагааны хайлуулах үйлдвэрүүд маань дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрүүд болсон байгаа. 

Анх 2011 онд "Рио тинто"-гоос ажлын урилга хүлээж авч байсан. "Рио тинто"-д ажиллаж байх хугацаандаа хайлуулах дөрвөн үйлдвэр, хоёр уурхайн үйл ажиллагааг хариуцан ажилласан.  2016 оны наймдугаар сард "Рио тинто"-гоос "Оюу толгой"-г хариуцсан Ерөнхий захирлаар ажиллах үүрэг авсан. Энэ хугацаанд гүний уурхайн төслийг амжилттай болгох тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн.

Компанийн ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдээс надад итгэл үзүүлж, гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх багийг удирдах болсондоо баяртай байна. Мөн гэр бүлийн хүн маань намайг дагаж Монголд нүүж ирэхээр болсон. Бид Монголын гайхалтай соёл, зан заншлаас суралцана гэдэгтээ итгэлтэй байгаа. 

-“Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?

-“Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагааны хувьд "Рио Тинто" группдээ тэргүүлж байгаа. Гүний уурхайн төслийн багийн хувьд барилга, бүтээн байгуулалтын салбартаа тэргүүлэх хэмжээнд явж байна.

Бид энэ уурхайг 100 жилээр ажиллуулах төлөвлөгөөтэй байдаг. Тийм учраас дотоодын ажиллах хүчнийг боловсруулахад ихээхэн анхаарч ажилладаг. Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааны багуудын 96 хувийг Монгол ажиллагсад эзэлж байна.

Гүний уурхайн төсөлд ажиллагсад 3,500 болж нэмэгдсэний 87 хувь нь Монгол ажиллагсад юм. Цаашид уурхайг үр ашигтай, тогтвортой авч явахын тулд дотоодын боловсон хүчнийг чадавхжуулж, сургахад ихээхэн хэмжээний хүч хаяж ажиллах болно.

Миний уулзаж танилцсан Монгол ажиллагсад өндөр боловсрол, мэдлэгтэй байдаг нь бахархлыг маань төрүүлсэн. Цаашид “Оюу толгой” ХХК-ийг дэлхийн зэсийн зах зээлийг шилдэг компани болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Санхүүгийн тал дээр ярихад үйл ажиллагааны мөнгөн урсгалын үзүүлэлтүүдийг эерэг байлгах чиглэлээр олон ажил хийж байгаа. Учир нь одоогийн бидний ашиглаж буй ил уурхай зэс, алтны агууламж багатай. Уурхайн багууд үйл ажиллагааг ашигтай байлгах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байна. Ялангуяа 2017-2018 онд биднийг томоохон сорилтууд хүлээж байгаа.

"2017 оны гүний уурхайн төслийн зардал 800-900 сая ам.доллар байна"

 

-Гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу амжилттай явж байгаа юу?

-Бид хэд хэдэн ажлыг төлөвлөгөөнөөс нь түрүүлж биелүүлсэн. Ихэнх хэсгүүдийн ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа.

Мэдээж бидний гол зорилт төлөвлөсөн хугацаандаа, төсөвт багтааж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. 2020 онд анхны хүдэр гаргах зорилт тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ зорилтдоо багтаж ажиллахыг хичээж байна.

-“Оюу толгой” ХХК Монголын эдийн засагт чухал нөлөөтэй төсөл. Хямралын үед Монголын эдийн засагт хөрөнгө оруулагчдын мөнгө ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Гүний уурхайн төсөлтэй холбоотой орж ирэх 5 тэрбум  ам.долларын санхүүжилт ямар шатлалаар орж ирж байгаа вэ. Энэ жилдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Гүний уурхайн төслийн зардал 5.3 тэрбум ам.доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардал орж байгаа. 2017 оны гүний уурхайн төслийн зардал 800-900 сая ам.доллар байна гэсэн тооцоо бий. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум ам.долларыг бид гүний уурхайн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Хамгийн гол нь дотоодын ханган нийлүүлэгчдэд энэ мөнгийг зарцуулж байна уу гэдэг шаардлага тавигдаж байгаа. Бид тавьсан зорилтоосоо давуулан биелүүлж энэ чиглэлээр ажиллаж байна.

Барилга, бүтээн байгуулалтын ажилд компаниуд олон улсын компаниудтай хамтарч оролцож байгаа. Цементийн хангалтыг дотоодын компаниудаас авч байна. 2017 онд “Оюу толгой” ХХК борлуулалтын орлогоо 100 хувь гэж үзвэл үүнээс давсан буюу 110 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг гүний уурхайд хийнэ. Цаашид энэ тоо нэмэгдэнэ.

-Төсвийн тодотголын үеэр УИХ-ын тогтоол гарч томоохон төслүүдийн мөнгийг Монголын банкуудаар дамжуулах шийдвэр гарсан ч цуцлагдсан. УИХ-ын зарим гишүүд энэ шийдвэрийн хүрээнд том төслүүдийн нийт орлогын 20-30 хувь нь Монголд үлдэх боломжтой гэж ярьсан. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

-Тухайн тогтоол, заалт нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээний асуудал учраас би хариулах боломжгүй байна. Зарим гишүүдийн хэлсэн тооцоог өөрийн биеэр үзэж, хараагүй учраас сайн мэдэхгүй байна.

Энд дурдахад 2016 онд манай компанийн Монгол Улсад оруулсан орлого нь нийт борлуулалтын орлогын 66 хувьтай тэнцэж байгаа. Энэ тоо 2017 онд 110 хувь болж өснө. Манай төслийн бүтээн байгуулалтын үе шатны онцлогоос хамаараад энэ ингэж өсөж, хэлбэлзэж байдаг.

-Монголын банкууд томоохон төслүүдэд жижигдэх байх. Гэхдээ сайжирч болно. “Оюу толгой” ХХК-ийн хувьд ямар шаардлагыг нь хангасан тохиолдолд Монголын банкуудтай ажиллах вэ?

-Монголын банкуудтай ажиллаж байгаа. Бид борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг 2017 онд Монголын банкуудаар оруулах гээд байж байна. Шууд хэлэхэд тэдэнтэй хамтран ажилладаггүй гэж хэлж болохгүй.

Том зургаар нь аваад үзвэл санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, бизнесийн хэрэгцээ зорилгыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу. Тухайлбал энэ төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг алсдаа Монголын банкууд гаргаж өгөх хэмжээнд хүрнэ гэдэг нэг өөр ойлголт. Бид Монголын таван банкаар борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг оруулах гээд энэ жил ажиллаж байгаа гэдгийг ахин хэлье. 

-Зэсийн агууламж буурсантай холбоотой татвар буурах уу. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас импортын татвар нэмэгдэх үү. Татваруудтай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөөч?

-2016 бидний төлсөн татварыг үнэлээд маргааш Татварын Ерөнхий Газраас шилдэг татвар төлөгчөөр шагнах гэж байна. 2017 оны хувьд эрдсийн агуулгатай холбоотой рояалти татвар дээр бага зэрэг өөрчлөлт орж болох ч эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хувьд хэвээрээ байх болно.

2010-2016 оны сүүл хүртэл бидний Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ 6 тэрбум гаруй ам.доллар болсон байгаа. Үүнд нийт төлсөн татвар, хангамж, худалдан авалт, цалин, нийгмийн даатгал гэх мэт зардлууд орж байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ.

"10 жилийн хугацаанд “Оюу толгой”-г зэсийн шилдэг уурхайнуудыг нэг болгож чадна"

 

-Энд ирсэн гол зорилгын хамгийн чухал нь Монголын ажиллах хүчнийг бэлтгэх гэж та дурдсан. Ирээд удаагүй байгаа ч Монгол ажилтнуудын түвшинг ямар байна гэж харж байгаа вэ?

-Эхний сэтгэгдэл маш сайн суурь тавигдсан байна гэж харагдсан. Цаашид юу хийх ёстой вэ гэвэл хамгийн богино хугацаанд Монгол ажилтнуудыг туршлагажуулах хэрэгтэй байгаа. Түүнээс Монгол ажилтнууд суурь мэдлэг, боловсрол сайтай.

Би карьерийн хугацаандаа маш олон үйлдвэрлэлийн систем судалж үзэж байсан. Хамгийн их таалагддаг систем нь Тоёота компанийн ажилладаг арга барил байгаа. Энэ нь хүнийг процесст татан оролцуулж, хамгийн үр дүнтэй, бүтээмжтэй ажиллуулдаг. Тиймээс би энэ арга барилыг туршиж үзэж байгаа. 10 жилийн хугацаанд “Оюу толгой”-г зэсийн шилдэг уурхайнуудыг нэг болгож чадна.

-Гүний уурхайд 3,500 ажилтнууд ажиллаж байгаа гэсэн. Энэ тоо цаашид нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох уу?

-Ойрын таван жилийн ажиллах хүчний төлөвлөгөөг гаргаж байгаа учраас тоо хэлэхэд арай эрт байна. Энэ тоог гарахаар нь ахин мэдээлье.

Өнөөдрийн байдлаар ил болон гүний уурхайн төсөл дээр 11 мянга орчим хүн ажиллаж байгаа. Үржүүлэх нөлөөг нь аваад үзвэл дор хаяж бид 35 мянган хүнийг ажлын байраар шууд болон шууд бусаар хангаж байна.

-Төслийн зардал төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол гарч байсан. Зардлаа бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Зардал бууруулах стратегийн хувьд хэд хэдэн зүйл онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт нь бид өөрсдийгөө зах зээл дээр байгаа топ компаниудтай харьцуулж байгаа. Тэднээс ямар ямар үзүүлэлтээр хоцорч байгаагаа тогтоох нь чухал. Үүнийхээ дараа бид ажиллагсадтайгаа ярилцаад хоцрогдлоо арилгахын тулд шийдэл олж ажиллахыг хичээж байгаа.

Бид зардлыг бууруулах тал дээр үйл ажиллагаагаа сайжруулах, үр дүнтэй ажиллах, арилжааны хэлцлүүдээ сайжруулах, өөрийн хөрөнгийн зардлуудыг бууруулах, зардлаа оновчтой болгох гэх мэт олон ажлууд хийж байна.

Нөгөө талаасаа сэтгэлгээн дээр олон ажил хийх шаардлагатай. Бидний барьдаг гол зарчим компанийн мөнгөнд хувийн мөнгөө зарцуулж байгаа мэт хариуцлагатайгаар хандах. Дэлхий даяар, миний яриад буй Тоёота ч энэ арга барилаар зардлаа хэмнэж, өөрчлөлтөд хүрсэн байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. Энэ гайхалтай компанийг удирдах боломж олгосон ТУЗ, хувьцаа эзэмшигчдэд талархаж байна. Бидэнд боловсон хүчин, аюулгүй ажиллагаа гээд нөөц бололцоо их байна. Биднийг сайхан ирээдүй угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.