Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалаас ирэх ХҮЛЭЭЛТ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат  урд хөршдөө айлчлах гэж байна. Энэ айлчлал монголчуудад юу өгөх бол.

УИХ-д 65 суудал авсан МАН-ын “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойшхи  Ж.Эрдэнэбатын хийж буй хоёр дахь гадаад айлчлал, БНХАУ-д хийж буй анхны айлчлал.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил телевизэд өгсөн  ярилцлагаас үзвэл  айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Төмөр замын коридор байгуулах, урд хойд хил дээр барих төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргах. “Талын зам”, ”Бүс ба зам” санаачилгад нэгдэх талаар ч багтаж байгаа гэв.

БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзана, Лө Көцянтай хэлэлцээр хийнэ зэрэг мэдээлэл өгөв. Энэ бол албан тайлбар.

Томоохон айлчлалын үеэр хэлэлцээр,баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулдаг нь уламжлалт дипломат ёс.

Хамгийн гол нь үүний цаадах  жинхэнэ зорилго, хүлээлт юу вэ? Зээл тусламж авах уу. Далай ламыг монголд айлчлал хийлээ гээд Хятадын тал Манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалыг өнгөрсөн жил цуцалж байсан. Тэр айлчлалаар 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр хийх байсныг энэ удаад Ерөнхий сайд маань гүйцээж чадах болов уу зэрэг хүлээлт үүссэн нь Ж.Эрдэнэбат сайдын БНХАУ-д хийх айлчлал хүндхэн уур амьсгалд болох нь ойлгомжтой биз. Гол нь ийм нөхцөл, хүйтэн байдлаас цэвэрхэн бөгөөд хөнгөхөн, үр ашигтай гарч ирэх эсэхийг ажиглах л үлдэж. 

Юутай ч айлчлалаас бид, Монголчууд хожих ёстой. Тиймдээ ч энэ Засгийн газрынхан чадах ядахаараа ажиллаж байх шиг. Гадаад харилцааны сайд  Ц.мөнх-Оргил өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан.

ЗГХЭГ-ын дарга, сайд Ж.Мөнхбат хоёр орны Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хэдхэн хоногийн өмнө Бээжинд очоод ирсэн. Энэ бүгд Ерөнхий сайдын айлчлалынхаа бэлтгэлийг хангах зорилготой байсан.

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хөрш орныхоо дэмжлэгийг авч зөв бодлогоор ашиглаж, одоо бид эдийн засгийн хүндрэлээ даван туулах нь  чухал байна.

Нэн тэргүүнд БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ч гацаанд орсон томоохон төслүүдээ хөдөлгөх шийдэлд хүрээсэй.

Тавантолгойгоо эргэлтэд оруулвал ажлын байр нэмэгдэж эдийн засаг сэргэнэ. Монголын байтугай, дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчтэйгээ үгүй ядахдаа хаяа залгаа давуу талаа ашиглавал эргээд төлөх өрнөөс илүү Монголын иргэн бүрт өгөөжтөй үр дүнтэй болно.

Сэхээнээс гарсан эдийн засгаа идэр чийрэг эрүүл дархлаатай болгоход гадны хөрөнгө оруулалтууд чухал байна. Энэ л Ж.Эрдэнэбат сайдын айлчлалаас хүлээж буй гол хүлээлт.