Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Орон сууцны дундах замд ХҮҮХЭД осолд өртөх нь ихэсч байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгджээ.

Энэ өдрүүдэд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний гурав нь гэрийнхээ гадаа тоглож байсан байна.

Тухайлбал, СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээжээ.

Сэрэмжлүүлэг

Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба