Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрийн машины эд ангийг дулааны аргаар бүрэх технологи нэвтрүүллээ

ikon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн тэр үеэсээ эхлэн биеийн хүчний хөдөлмөр хөнгөвчилсөн ахуйн болон аж үйлдвэрийн зориулалттай багаж хэрэгслүүдийг зохион бүтээж, анхандаа тэдгээр багаж хэрэгслүүд нь болхидуу, гар хийцийн эд зүйлүүд байсан бол жилээс жилд, зуунаас зуунд цаг хугацаа өнгөрөх тусам цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагаар улам боловсронгуй болсоор өнөөгийн техник технологийн хөгжлийн гайхамшгийг бүтээсэн түүхтэй.

Харин орчин үед ахуйн болоод үйлдвэрийн зориулалттай том, жижиг машин механизм түүний эд ангийн эдэлгээ, насжилтыг хэрхэн уртасгах, шинээр ямар арга технологи нэвтрүүлэх боломжтой талаар эрдэмтэн судлаачид, инженер технологийн мэргэжилтнүүд гайхамшигтай технологиудыг хайж олсоор байгаа билээ.   

Ингээд бид уншигч та бүхэндээ Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас хэрэглжүүлж буй   “Их үрэлтэт машины эд ангийг дулааны аргааг бүрэх технологи”-ийн талаарх сонирхолтой төслийн мэдээллийг хүргэж байна. Тус сургуулийн Инженерийн факультетийн дакан, проф. Гүнтер Штейрээр ахлуулсан механик инженерийн ангийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран энэхүү төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.


 

- Төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэлийн тухайд?

- Та бидний хамгийн сайн мэдэх Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдэр болон устай хольсон булингыг шахуургаар тээвэрлэхэд GRAT -1400 маркийн булинга насосыг ашигладаг байна.

Энэ насос нь цагт 1400 м3 зуурмаг сорон 30 метрийн өндөрт байрлах, ангилах төхөөрөмж рүү зөөвөрлөдөг. Насосны гол эд ангиуд нь түүний импелерүүд, мушгирсан эргэлдэгч гол  түүний таг зэрэг юм.

Тэдгээр эд ангиуд нь 350-800 кг жин татах бөгөөд элэгдлийн эсрэг хромын өндөр агуулгатай цагаан гангийн нүүрс төрөгч 2.7-3.0%, хром 28-30%, никель 2% тус тус агуулсан ган материалтай байдаг.

Их үрэлтэт машины эд анги нь 240-400 цаг буюу маш богино ажлын цаг зарцуулдаг байна. Булинга насосын ажиллагаа байнга ус чийгтэй нөхцөлд явагддаг учраас зэврэлт болон гадаргууны гэмтэл их авдаг. Ийм гэмтлээс үүдэн нэг жилийн хугацаанд 300 гаруй насос ажиллагаанаас гарч үйлдвэрийн засвар үйлчилгээний зардалд багагүй хөрөнгө мөнгө зарцуулагддаг байна.

Хэрэв үйлдвэрт энэхүү технологийг нэвтрүүлбэл насосны ажиллах хугацааг нэмэгдүүлээд зогсохгүй олон талын үр ашигтай болохыг төслийн багийнхан олж судлажээ.  

- Шийдэл нь юу байх бол...

- Төслийн багийнхан анхан шатны судалгаандаа үйлдвэрлэлд ашиглагдаж байсан насосны эд ангиудыг янз бүрийн дулааны бүрэлтэнд оруулж гарган авсан  үр дүндээ үндэслэн тухайн эд ангийг бүрэх технологи, бүрэх материал, дулааны параметрүүдийг тодорхойлох юм байна. Үүний дараа насосны эд ангиудыг өндөр хэмжээний хатуулагтай хатуу фазууд карбидуудаар  бүрэх технологи хэрэглэнэ.

Энэ аргыг ашиглан насосны хамгийн их үрэлтэнд өртдөг хэсгүүдийг бүрснээр машин механизмын эд ангиудын эдэлгээг уртасгаад зогсохгүй үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

 

- Хүлээгдэж байгаа үр дүн нь юу вэ?

- Их үрэлтэнд тэсвэртэй материалаар бүрэгдсэн машины хэсгүүдийг, бүрэлт хийгдээгүй адил эд ангиудтай харьцуулна.

Тэдний таамаглаж байгаагаар тусгайлан бүрэлт хийгдсэн эд анги 3 дахин үрэлтэнд тэсвэртэй  гэж тооцоолж байгаа юм байна. Энэ нь булингын насосны ажиллах хугацааг 3 дахин (ажиллах цаг нь 212-248 цагаас 636-674 цаг) нэмэгдүүлнэ.

Ингэснээр насосны сольж тавих тоо 300 –аас 100 болтлоо буурна. Үүнээс гадна эрчим хүчний хэрэглээ, насосны чадал 3 дахин жигд байна. 

Эрдэнэт УБҮ-ийн насос үйлдвэрлэх шугамд энэхүү бүрэх технологийг нэвтрүүлэх боломж, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг тооцон үзсэн. Эцсийн үр дүнд зардал, ашгийн харьцаа  эерэг байгаа тул зэсийн баяжмал үйлдвэрлэх явцад маш их хэмжээний зардлыг хэмнэж чадна гэсэн үг.

 

Манайд уул уурхайн салбар хөгжиж буй энэ цаг үед энэхүү технологийн талаарх мэдээлэл магадгүй том машин механизмийг хэрэглэдэг үйлдвэрүүдэд ашигтай зөвөлгөө байж болох юм.

Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч германы чанар стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, машин механизмынхаа эдэлгээг уртажсгаж,  зардлаа хэмнэх менежментийн хамтрагч хайж байвал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийн багийнхантай хамтран ажиллах боломж нээлттэй байна.

Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.gmi.edu.mn цахим хуудсаар нь холбогдоорой.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.