Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургалтын орчинг сайжруулахыг шаардлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм. 

Эцэг эхийн төлөөлөл О.Амаржаргал "Монгол улсын хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нь ганцхан 29 дүгээр сургууль л байдаг. Энэ сургуульд сургалтын арга зүй, хөтөлбөр, стандарт гэж одоогоор байхгүй. Тийм учраас эдгээр хүүхдүүд сурч боловсроод төгсөхдөө бичиг үсгийн боловсролгүй, уншаад юм ойлгохгүй, ийм түвшинд хүрч байна.

Тиймээс бидний хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж байгаа мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.

Мөн энэ үеэр 29 дүгээр сургуулийн эцэг эхчүүд дараах зүйлсийг хэлж шаардаж байлаа.

  1. Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй;
  2. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сэтгэцийн өвчтэй хүүхэд биш;
  3. Суурь боловсрол эзэмшээд тегсөхдөө уншиж бичиж чадахгүй төгсөж байгаа нь эмгэнэл юм;
  4. Дохионы хэлээр сурч боловсрох эрхийг хуулиндаа заасан ч энэ талаарх журмыг яаралтай батлах шаардлагатай байна;
  5. Эцэг эхчүүдэд нь дохионы хэл заах систем бий болгох хэрэгцээ байна;
  6. Сурах бичиг ном хангалтгүй байна;
  7. Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй ,бодлого, журам, стандарт гэж алга.

Тиймээс тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-наас шаардаж буй юм. Мөн сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системтэйгээр сайжруулж, дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгох, 29 дүгээр сургуулийн сургалтын орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.