Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг эрэмдэг болсны хариуцлагыг хэн хүлээх вэ Д.Даваа дарга аа?

Р.Саруул
2017 оны 5 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-336 дугаар ангийн удирдлагууд хохирогч Ж.Баярцогтоор даажигнасан уу-

Эр цэргийн алба хааж, эх орноо хамгаална хэмээн тангараг өргөсөн залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдсээр байх уу гэж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваагаас асуумаар байна. Өөрөөр хэлбэл, бусдын гарт тамлагдаж зодуур нүдүүрийн бай болж байгаа эдгээр залуусын талаарх харамсалтай явдлуудыг бид мэднэ.

Тэгвэл бидэнд мэдэгдэж, илэрч байгаа хэргүүд нь хуруу дарам цөөн байдаг ч үүний цаана хэчнээн залуу эрэмдэг болон үлдэж байгааг хэлэхэд бэрх. Уг нь жил бүрийн хавар, намар улс даяар цэрэг татлагын ажил ид өрнөж эрүүл чийрэг биетэй залуус эрүүл мэндийн үзлэгт орсноор цэргийн албанд морддог. Гэтэл энхийн цагт цэрэг эрс амиа алдаж ээж аавдаа эрэмдэг нэгэн болон ирж байгаа нь харамсалтай.

Дэд ахлагч Энхцолмонд холбогдох хэргийг прокурор руу шилжүүлжээ

Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар анийг дэд ахлагч Энхцолмон гэгч этгээд харуулд гарч байсан байлдагч Ж.Баярцогт болон үүрэг гүйцэтгэж байсан байлдагч нартай зүй бусаар харьцаж догшин авирласны улмаас цэл залуухан 23 настай залуу эрүүл мэндээрээ хохирч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Уг нь энэ хэрэг гараад бүтэн гурван cap гаруй болсон байхад тус ангийн захирагч болон Зэвсэгт хүчнийхэн уг асуудлыг нуун дарагдуулж хохирогчид энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгснөөр болсон явдал олны өмнө ил болсон билээ. Түүнчлэн уг хэрэг гарсны дараа хохирогч Ж.Баярцогт группээ тогтоолгохоор цэргийн ангийн удирдлагууддаа хэлж бичиг баримтаа автал явуулсан бичиг баримт бүгд зөрчилтэй төдийгүй нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар явсан хүнийг хоёрдугаар ээлжийн цэргийн албан хаагч хэмээн бичиг баримтыг нь явуулсан байжээ.

Мөн нийгмийн даатгалынх нь дэвтэр дээр бичилт хийсэн хэр нь тамгаа дараагүй, түүнчлэн тус ангийн удирдлагууд дэд ахлагч нь албан үүргээ гүйцэтгэж байсан цэрэгтэй зүй бусаар харьцсаныг нь мэдсэн хэр нь үйлдвэрлэлийн ослын улмаас цэргээс чөлөөллөө гэсэн тогтоолыг яам руу явуулжээ.

Хэрвээ Ж.Баярцогт болон түүний ээж энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд анхлан дуулгаагүй бол уг хэрэг нам дарагдах байсан. Учир нь Зүүнбаян дахь 336 дугаар ангид ийм ноцтой хэрэг гарчхаад байхад Зэвсэгт хүчний Жанжин штабынхан дээрх хэргийн талаар салбарын сайддаа ч дуулгалгүй нам дарсан байх жишээтэй.

Энэ үйл явдал хэвлэл мэдээллээр гарсны дараа салбарын сайд нь яаралтай арга хэмжээ авч дэд ахлагчтай холбоотой хэргийг яаралтай хууль хяналтын байгууллагад өг гэсэн тушаалын дагуу энэ хэрэг өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж хэрэг нь өчигдөр прокурор руу шилжиж байх жишээтэй. Тодруулбал, дэд ахлагч Энхцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлжээ.

Хохирогч Ж.Баярцогт ганц дэд ахлагчид ч бус ангийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд , БХЯ ч хариуцлага хүлээх хэрэгтэй. Би тэдэнд үнэхээр гомдож байна гэдгээ хэвлэлээр дайсан. Тэгвэл энэ хугацаанд тус яамны холбогдох албаны хүмүүс одоог хүртэл хохирогч Ж.Баярцогтын асуудлыг. шийдэх нь бүү хэл уулзаагүй гэдгийг хэвлэлүүд олонтоо дурдсан.

Эрүүл биеэ эх орондоо зориулсан залуусын ирээдүйд анхаарлаа хандуулаач

Хэрвээ Ж.Баярцогт боломжийн айлын хүүхэд байсан бол энэ асуудал огт өөрөөр шийдэгдэх байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өнөөдөр ар гэр нь бололцоогүй амьдрал нь ядмаг айлын хүүхдийг ад шоо үзэж буй мэтээр одоог хүртэл асуудлыг нь шийдэж өгөхгүй байна вэ гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ Ж.Баярцогтын хэлсэнчлэн дэд ахлагч Энхцолмонгоос гадна 336 дугаар ангийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын нөхөд ч тодорхой хариуцлага хүлээх ёстой.

Учир нь Ж.Баярцогт цэргийн албанд эрүүл саруул явчхаад эрэмдэг болоод ирж байгаа нь өөрөө маш том эмгэнэл. Тиймээс л олон нийт энхийн цагт эрүүл явсан хүү минь эрэмдэг болоод ирэх вий гэсэн айдсыг тээх болсон нь нууц биш. Түүнчлэн өнгөрсөн сарын 11-ны өдөр Тавантолгой дахь цэргийн сургалтын хээрийн баазад явагдаж байсан дадлага, сургалтын үеэр фанат дэлбэрснээс хоёр хүн нас барж, найман хүн шархалсан осол гарсан.

Тэгвэл уг ослын хариуцлагыг ганц хоёрхон хүлээсэн болж бусад нь хариуцлагын ард нуугдан үлдсэн. Уг нь салбарын сайд нь хэлэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэн буруутай нь хариуцлага хүлээнэ гэсэн. Энэ мэтчилэн шил шилээ дарсан хэргүүд өнгөрсөн хугацаанд гарсаар байхад эрх мэдэлтэй албан тушаалтнууд нь суудалтайгаа үлдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Хамгийн гол нь хэн нэгэн дарга цэрэг энэ бүх асуудалд хариуцлага хүлээсэн ч гэлээ хохирсон хүмүүсийн ар гэрт ямар хүнд нөхцөл бий болж байгааг энэ олон сайд дарга нар ойлгохгүй яваад л хэргийн гол учир оршиж буй юм. Угтаа бол эрэлхэг цэрэг эрс нь амиа алдаж, найман цэрэг нь гэмтэж, нэг цэрэг нь зүй бусаар дэд ахлагчдаа зодуулж эрэмдэг болж нийгмийг цочроож байхад дарга нар нь албан тушаалтайгаа үлдэхийн тулд улайрч байгаа нь үнэхээр харамсалтай.

Тиймээс эрүүл биеэ эх орондоо зориулсан эдгээр залуусын цаашдын ирээдүйд анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг БХЯ болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад хэлмээр байна.

Зураг