Уншиж байна ...

Хожуу насандаа зөнөх эрсдэлийг тархины идэвх шаардсан ажил хөдөлмөр бууруулдаг нь судалгаанаас харагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Оюуны хөдөлмөр эрхэлж, тархиа идэвхтэй ашигладаг хүмүүс өтөл насандаа зөнөх эрсдэл багатай байдгийг шинэ судалгаа харуулжээ.

Норвегийн судлаачид 305 янзын ажил мэргэжлийн 7,000 гаруй хүнийг судлахад тархины ачаалал багатай ажилладаг хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй харьцуулахад 70-аас дээш насандаа танин мэдэхүйн чадвараа алдах эрсдэл 66 хувиар, зөнөх эрсдэл 31 хувиар өндөр байсан байна.

“Мэргэжил ямар чухал болох нь эндээс харагдаж байна. Ажилдаа болон шинэ зүйл сурах мэдэхэд тархиа ашиглах нь маш чухал” гэж Ослогийн их сургуулийн өндөр наслалт судлаач, доктор Трин Эдвин дүгнэлтдээ бичжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг харахад тэд 30, 40, 50, 60-аад насандаа ихэвчлэн ижил оюуны чадавх шаардсан ажил эрхэлж байсан байна.

Өөрөөр хэлбэл хүн анх тархины чадварыг ямар хэмжээнд шаардсан ажлаас гараагаа эхэлснээс хамаараад тэр нь цаашдаа хадгалагдах хандлагатай байжээ.

Дараа нь 70-аас дээш настай оюун санааны хувьд эрүүл саруул хүмүүсээс ой санамж, сэтгэн бодох сорил авсан байна. Ингэхэд танин мэдэхүйн чадвараа алдах эрсдэлийн шинж тэмдэг тархиа бага ажиллуулсан хүмүүст 42 хувь, тархиа их ажиллуулсан хүмүүст 27 хувьтай илэрч байжээ.

Тархиа хамгийн их ажиллуулдаг ажил мэргэжлийн дотор шат шатны сургуулийн багш нар багтаж байсан бол хамгийн бага ажиллуулдаг хэсэгт нэг хэмнэлээр давтагддаг зам, цэвэрлэгээ, хүргэлтийн гэх мэт ажлууд орсон байна.

Гэхдээ өндөр боловсрол өтөл насандаа зөнөхгүй байх баталгаа биш бол энгийн ажилтай байснаар гарцаагүй зөнөх шалтгаан бас биш гэж судлаачид дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл хэдийгээр тархины чадавх шаарддаг ажил эрхэлдэг байсан ч юмсыг олон талаас нь харах, эргэцүүлэх, эрэл хайгуул хийх зэргээр оюуны дасгал байнга хийж байх нь чухал гэнэ.

Нөгөө талаас тархины чадавх бага шаарддаг ажил эрхэлдэг байсан ч ажлын бус цагаар боловсролоо дээшлүүлэх, суралцах, бодох сэтгэх дасгал хийдэг байх нь чухал юм байна.

Энэхүү судалгааны тайлан өчигдөр Neurology анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian