Уншиж байна ...

Д.Амарбаясгалан: Монгол Улсын хилийн бүх боомтоор өнөөдрөөс эхлэн гурил, тэжээл татваргүй орж ирнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Монгол Улсын хилийн бүх боомтоор өнөөдрөөс эхлэн (2024.05.01) гурил, тэжээл татваргүй орж ирэх нөхцөл хангагдсаныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ярилаа. 

Тэрбээр хэлэхдээ "Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль батлагдаж, энэ долоо хоногт албан ёсоор хэрэгжихээр боллоо. 

Тодруулбал манай улсын бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирэх нөхцөл хангагдлаа. Татваргүй болж байгаатай холбогдуулан УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Тодруулбал найман зүйл заалттай тогтоол байгаа.

  • Дотоодын үйлдвэрлэлийн аюулгүй нөхцөлийг хангах, импортын гурил, тэжээлийн хэм хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг Засгийн газар зохицуулж байх эрхээ авсан. 
  • Дотоодын улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр стратегийнхаа нөөцөд 100,000 тонн хүртэлх улаанбуулайг худалдан авах зохицуулалтыг оруулсан. 

Тариаланчид улаанбуудайгаа хадгалах агуулах, сав байдаггүйн улмаас гурилын үйлдвэрүүд дээр аваачиж өгөхөөс өөр сонголтгүй. Нэгэнт ачаад оччихсон улаанбуудайг ямар үнээр худалдаж авах нь гурилын үйлдвэрүүдийн өөрсдийнх нь сонголт байсан.

Тэгвэл төрийн мэдэлд байгаа 182,000 тонныг хадгалах зориулалт бүхий агуулахыг улаанбуудай тариаланч нарт зориулалтынх нь дагуу ашиглуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгосон байдаг. 

Ингэснээр улаанбуудай тариаланчид гурилын үйлдвэрүүдийг гуйж хадгалуулдаг, зарж борлуулдаг нөхцөлөөс ангижирна. Улмаар улаанбуудайн зах зээл нь цэвэр бизнесийн зарчим буюу биржээр худалдаалагдаж гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа өрсөлдөж авдаг болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн" хэмээв. 

"Импортын татвар тэглэгдвэл гурилын үнэ 50 орчим хувиар буурах боломжтой"

Үргэлжлүүлэн "Олон жил улаанбуудай тариалж ирсэн тариаланчдад маш их ач тустай зүйл болж байгаа хэмээн үзэж байгаа.

Яагаад гэвэл 400,000 тонн улаанбуудай тариалах боломжтой. Тухайн зах зээлийнх нь 300,000 тонныг гурилын үйлдвэрүүд барьдаг байсан. Тэгвэл салбарыг нь чөлөөлж, өрсөлдөх боломжийг нээж өгч, гурилын импортын татварыг тэглэсэн. Цаашдаа улаанбуудай тариаланчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд том боломж нээгдсэн.

Дотоодын хэрэгцээг хангаад илүүдэл улаанбуудайг экспортод гаргах боломжийг тариаланчдад нээж өгч байгаа юм.

Хүнсний аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж, импортын улаанбуудайн гурилд квот тогтоохгүй, хугацаа заахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс өнөөдрөөс эхлэн импортын татвар тэглэгдэнэ. 

Хоёр хоногийн өмнө зах зээл дээр хямд үнэтэй гурил нийлүүлж байгаа мэдээ гарсан.

Тодруулбал ОХУ-аас татвартай оруулж ирсэн ААН-ийн НӨАТ төлсний дараа зарж байгаа дээд гурил нь 1,740 төгрөгөөр Монголын зах зээлд зарагддаг боллоо гэх мэдээлэл бий. Үүнийг өнөөдөр дотоодод зарагдаж байгаа үнэтэй харьцуулбал 40 орчим хувиар хямдарчээ.

Тэгэхээр импортын татвар тэглэгдвэл гурилын үнэ 50 орчим хувиар буурах боломжтой гэдэг нь бодитой харагдаж буй" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1803527963468240