Уншиж байна ...

З.Батбаяр: Худаг өрөмдөх зөвшөөрлийг өгөхдөө тоолууржуулах нөхцөлийг хангах гэсэн шаардлагыг тавина

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-ны ээлжит хурал өчигдөр болж энэ үеэр Улаанбаатар хотод худгийн зөвшөөрөл дахин олгохгүй талаар Усны газраас мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр "Монгол Улсын хэмжээнд 70,000 худаг байдгаас 17,000 нь Улаанбаатар хотод байна. 17,000 гэдэг ч дутуу буюу худлаа тоо. Ихэнх иргэд худгийнхаа дүн мэдээг өгдөггүй. 

2010-аад оноос эхэлсэн тоолууржилтын хоёрдугаар аяныг хэрэгжүүлэх гэж байна. Усны эх үүсвэр дээр тоолуургүйгээр ус ашиглаж байвал усыг зөвшөөрөлгүй ашиглаж байна гэж үзнэ. 

Төвийн шугамд холбогдох боломжтой газарт худаг өрөмдөхийг хориглосон учир Улаанбаатар хотод захын хэсгүүдэд л худаг өрөмдөх зөвшөөрлийг өгдөг. Нийслэлийн байгаль орчны газарт бид худаг өрөмдөх зөвшөөрлийг өгөхдөө тоолууржуулах нөхцөлийг хангаж өгөөрэй гэсэн шаардлагыг тавьж байгаа. 

Айл болгон худагтай байх хэрэгтэй юу? Нэг худгийг өрөмдүүлэхэд хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гарч байгаа. Гэтэл дээврийнхээ усыг цуглуулбал танаас 20,000 төгрөгийн ч зардал гарахгүй байж магадгүй. Түүнчлэн нэг худгийг тойроод 30-40 жорлон байхад тэр худаг эрүүл байх үндэстэй юу? Өөрийнхөө үр хүүхдийг жорлонгийн бохир усаар хангаж байна л гэсэн үг" гэв.