Уншиж байна ...

"Импортын цементийн татварыг 5% болгон бууруулж, дотоодод барилгын үнэ хөөрөгдөхгүй байх нөхцөлийг хангана"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгө ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ярилаа. 

Энэ тухай хэлэхдээ "Орон сууцжуулалтын хуулийн төслийг боловсруулж, өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн. 

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хууль дэмжигдэж, УИХ-д өргөн барьснаар хэлэлцэнэ. Үүнийг дагаад барилгын салбарт үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй гэж Засгийн газрын зүгээс үзэж байна.

Барилгын компаниуд үнэ хөөрөгдөхгүй байх чиглэлд анхаарал хандуулж, яриа хэлэлцээр хийх үүрэг чиглэлийг мөн Ерөнхий сайд өгч байгаа юм.

Цаашдаа барилгын салбарт үнэ бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн татварыг бууруулах тогтоолыг хэлэлцэж, баталлаа" гэлээ. 

Мөн "Өнөөдөр импортын цемент 20 хувийн татвартай байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор импортын цементийн татварыг таван хувь болгож тогтоосон. Энэ таван хувь өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.

Ямар нэгэн байдлаар хугацаа, хэмжээ тавиагүй бөгөөд дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж байна. 

2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасан. Маш богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсныг бид харж байсан. Тэгвэл энэхүү эрсдэлийг бий болгохгүйн тулд дээрх шийдвэрийг гаргаж байгаа.

Барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт цементийн эрэлт, хэрэгцээ маш их байгаа. Тийм учраас импортын цементийн татварыг таван хувьд аваачсанаар дотоодод үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх нөхцөлийг хангах юм" хэмээв.