Уншиж байна ...

"Цагдаагийн сургуулийн сургалтын агуулгад авлига, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр нэмэгдэнэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах төслийн талаар өнөөдөр холбогдох албаныхнаас мэдээлэл өглөө. 

Уг төсөл нь Хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой аж. 

Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн яамнаас уг төслийг боловсруулж, төслийн бүрэлдэхүүнийг бэлдсэн. Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн тэр тусмаа Цагдаагийн сургуулийн мөрдөгчдийн сургалтын агуулгад олон улсын жишигт нийцсэн кибер, үндэстэн дамнасан болон авлига албан тушаалын, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хөтөлбөр нэмэгдэнэ. 

Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ. Цагдаагийн Ерөнхий Газар болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид холбогдох албан хаагчдад нарийвчилсан сургалтууд орно. 

Энэ нь 5Ш ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Мөн Зүүн Өмнөд Ази болон бусад бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудтай харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлнэ" гэв. 

Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх олон улсын конвенцын хэрэгжилтэд хяналт тавьдаг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг Монгол Улсад байгуулахаар болсон байна.