Уншиж байна ...

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

ОХУ-ын Москва хотод болсон халдлагын дараа Европын орнууд аюулгүй байдалдаа анхаарч эхэллээ.

Өнгөрсөн Ням гарагт Франц улс олимп дуустал онц байдал зарлахаар болсон юм. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Габриал Атталь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албатай уулзсаныхаа дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орост халдлага үйлдсэн террорист бүлгэмийг Франц руу ч халдах төлөвлөгөө гаргасан гэж сэжиглэж байгаагаа илэрхийлжээ.

зураг
 
Жералд Дарманин, Эммануэль Макрон, Амели Оуде Кастера нар

Ерөнхий сайд Г.Атталь "Олимпын наадамд халдлага гарах магадлал өндөр байна. Манай улсад 2017 оноос хойш халдахаар төлөвлөж байсан 45 террорист ажиллагааг зогсоосон. Зөвхөн энэ онд гэхэд 22 настай этгээд ижил хүйстнүүдийн ордог шөнийн цэнгээний газар болон еврей нийгэмлэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон. Мөн 62 настай сэжигтэн католик сүмд халдахаар төлөвлөснийг цагдаа нарт ирсэн мэдээллийн дагуу шалгаад баривчилсан" гэж ярьсан юм.

Францын террористын эсрэг авдаг онц байдал нь гурван үе шаттай. Үүнээс гурав дахь буюу хамгийн хатуу арга хэмжээг авахаар болжээ. Ингэснээр нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал болон олон хүн цугларсан үйл ажиллагааг цэргийнхэн хамгаалах аж. 

Ерөнхий сайд Г.Атталь ойрын хугацаанд 4,000 цэргийг онц байдлын үеэр хамгаалалтад гаргахад бэлэн болсныг мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард 13-нд тус улсын Аррас сургуульд халдлага гарч 57 настай Доминик Бернардын амь насанд халдсан хэргийн дараа Франц даяар онц байдал зарласан билээ. 

 

Эх сурвалж: Inside The Games