Уншиж байна ...

Гадаад айлчлалдаа тансаг ангиллын нисэх онгоц түрээсэлсэн Дэвид Камероныг британичууд шүүмжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан, Монгол улсуудад айлчлахдаа Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Камерон өндөр үнэтэй, тансаг ангиллын нисэх онгоц түрээсэлсэн нь шүүмжлэл дагуулжээ.

42 сая фунт стерлингийн үнэтэй Embraer Lineage 1000 нисэх онгоц нь тусгай хоол, үнэтэй дарсаар үйлчилдэг, тусдаа амралтын өрөөтэй болохыг үйл ажиллагааг нь хариуцдаг Union Aviation компанийн вэб хуудсанд мэдээлсэн байна.

Сөрөг хүчний төлөөлөгч, хуульч Эмили Торнбэрри энэ талаар Х хуудсандаа “Дэвид Камерон долоо хоногийн дотор олон улс орноор аялахдаа онгоц түрээслэх шаардлага гарсныг ойлгож болох юм. Гэхдээ зах зээлийн хамгийн тансаг үйлчилгээг авахын тулд татвар төлөгчдийн хэдэн зуун мянган фунт стерлинг зарцуулсныг үүгээр зөвтгөх аргагүй” гэж бичжээ.

Тус улсын гадаад хэргийн яам Камероны айлчлалыг дээрх бүс нутгийн орнуудад Британийн бизнесийг дэмжих, тусгаар тогтнол, бие даасан байдлыг нь сайжруулахад нийт 50 сая фунт стерлингийн тусламж үзүүлэх зорилготой гэж тайлбарлаж байв.

Үнэтэй онгоц түрээсэлсэнтэй холбоотой шүүмжлэлд тус яам тайлбар өгөхдөө “Гадаад хэргийн сайдын ажил нь Британийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад орнуудад айлчлахыг шаарддаг. Сонгосон тээврийн хэрэгсэл нь цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглах арга байсан. Айлчлал бүрийг шийдвэрлэхдээ мөнгөний үнэ цэнийг харгалзан үзэж, ил тод байдлыг хангах үүднээс зардлыг байнга нийтэд мэдээлдэг билээ” гэж мэдэгджээ.

Дэвид Камероны өмнөх гадаад хэргийн сайд Жэймс Клэвэрли өнгөрсөн онд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаар найман өдөр аялахдаа ижил төрлийн онгоц түрээслээд 400,000 евро төлсөн нь мөн хурцаар шүүмжлүүлж байсан юм.

Британийн ерөнхий сайд Риши Сунак бас богино зайн дотоод аялалд агаарын хөлөг ашиглаж, үрэлгэн загнасныхаа төлөө шүүмжлүүлж байжээ.

Тухайлбал тэр 2023 оны хоёрдугаар сард Дорсет хотоос Лондонд ирэхдээ нисдэг тэрэг хөлөглөж, дараа нь буцаад баруун өмнөд Англид очихдоо нисэх онгоц ашиглаж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian