Уншиж байна ...

"Өмгөөлөгч Г.Батбаярыг амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 29
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний нийгмийн байгууллагуудаас талийгаач Г.Батбаярын талаар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ. 

"Эвийн хүч, эх нутгийн төлөө" ТББ-ын ажилтан С.Чимгээ "Талийгаач Г.Батбаяр ахынхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Бидэнд маш том гарз тохиолоо. Энэ бол улс төрийн аллага. Үүнийг амиа хорлосон болгох гэж маш ихээр гуйвуулж байна.

Тэр бол томчуудын ажлыг хазаарлаж, улс орноо хамгаалж ирсэн хүн. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй, цаг хугацааны эрхээр харагддаг.

Монгол Улсын хуулийн байгууллагаас хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй. Энэ хэрэгт Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг, Туг.mn сайтын н.Ариунтуул нар холбоотой. 

Талийгаачийн ярьсан болон түүний гэр бүлд ирсэн дарамт шахалтыг хуулийн байгууллага шалгаасай. Үнэн зөвийг нь тогтоогоосой хэмээн хүсэж байна.

Нийт ард түмэндээ хандаж хэлэхэд өнгөрсөн хугацаанд энэ хүний болон түүний гэр бүлд аймшигтай ихээр дарамт харлуулалтыг зохион байгуулалттайгаар явуулж байсан. Бид нар улсаараа энэ гэр бүлээс уучлалт гуйх ёстой" гэлээ.

 "Гэр бүлийнхнийг нь оруулалгүй талийгаачид задлан хийжээ. Ямар ул мөрийг нууж байгаа юм бэ?"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Г.Ган-Очирын эгч "Иргэний нийгмийн байгууллагынханд хуруу хумсаа хугалан байж тусалдаг ганц өмгөөлөгч байсан. 

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Миний мэдэхийн талийгаач Г.Батбаяр маань Ноён уулын асуудалд 10 гаруй жил, ураны асуудалд 7-8 жил ямар ч үнэ хөлсгүйгээр шүүх процессод тусалж байсан. Сүүлд иргэн Г.Ган-Очир хуулийн зөвлөгөө авч, бүх бичиг баримтдаа талийгаач өмгөөлөгчөөр бэлдүүлдэг байлаа.

Талийгаач маань ямар ч үнэ төлбөргүйгээр бидэнд харамгүй тусалдаг байсан.

Амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье. Түүний үхэлд шадар сайд С.Амарсайхан, Туг.mn сайтын н.Ариунтуул, Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг нар хамгийн их нөлөөлсөн шүү.

Түүнчлэн мөрдөн байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтайгаар эрүүдэн шүүж байна гэдгийг хэлж байсан удаатай. Тэр мөрдөгчийг шалгах хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэр бүлийнх нь хүн дээр хүртэл очоод “Би нөхрөөсөө салаад жаргаж байна. Чи одоо салчих” гээд шахаж шаардаж байсан байна.

Сэтгүүлч н.Ариунтуул гэр бүлийнх нь хүний ажил дээр очоод эд зүйлийг нь эвдээд “Салахгүй бол чамтай алалцана” гэж заналхийлж байсан. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг шүү. Бүх л бүтэн хүний амь насаар тоглох эрх тэдэнд байхгүй. .

Талийгаачийг машинд нь олохдоо яагаад гэр бүлийнхийг нь дуудаагүй юм бэ? Машин нь дотроосоо түгжээтэй байсан гэж байна.

Маргааш өглөө 09:00 цагт задлан хийнэ гэж гэр бүлд нь хэлж явуулчхаад шөнийн 00:00 цагт гэр бүлийнх нь нэг ч гишүүнийг оруулалгүй талийгаачид задлан хийжээ. Ямар ул мөрийг нууж байгаа юм бэ?

Аллага гэдэг нь илт байна. Эх орондоо элэгтэй хүмүүсээ ингэж булшлаад суугаад байх уу" гэлээ. 

"Өмгөөлөгч маань хамгийн сүүлд шадар сайд С.Амарсайхантай холбоотой асуудлыг надад ярьж байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 19-ний орой талийгаачтай хоёр цаг гаруй хугацаанд нарийн ширийн янз бүрийн асуудлаа ярилцаж байсан. 

Г.Батбаяр маань сүүлийн найман жил Хайрхан толгой төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Энэ ажиллагаанаас эхлээд Г.Батбаяр дарамт хавчлага дотор 10 гаруй жил ажилласан.

Хамгийн сүүлд юу ярьсан бэ?

Гурван шатны шүүхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг "Нитро Сибир Азиа" ХХК буюу Засгийн газрын гишүүн, шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг, сүүлд хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай компанийн асуудал босож ирсэн" хэмээн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээллээ.