Уншиж байна ...

"Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамталж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрье"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал(НИТХ)-ын хуралдаанаар өнөөдөр бондын асуудал хэлэлцэж байна. 

Тодруулбал нийслэлээс гадаад, дотоод хоёр бонд гаргаж, төслүүд санхүүжүүлэх гэж буй юм.

Энэ талаар хуралдаан завсарлах үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "2024 онд ойролцоогоор 150 орчим сая ам.доллар, ирэх жил 300 орчим сая ам.доллар гэх мэтчилэн Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийн үе шат, хэрэгжилтийн явцаас хамаарч бонд гаргана. Түүнээс биш их хэмжээтэй, өндөр хүүтэй бонд гаргаж "Чингис" бондын алдааг давтахгүй. 

Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргая гэж байгаа. Өнгөрсөн жил тог цахилгаан хүнд өвөлжсөн. Одоо ч хязгаарлаж байна. Ирэх жилийн эрчим хүчний хүндрэлээс гарахын тулд Бөөрөлжүүтийн төсөлд дамжуулан зээлдүүлэг хийх юм. Арилжааны банк, санхүүгийн байгууллагуудаас дотоод бонд босгож, яг тэр хүүгээрээ Бөөрөлжүүтэд 300 тэрбум төгрөгийг зээлдүүлнэ. Эргэн төлөлт болон хүүг Бөөрөлжүүт хариуцна. 

150 тэрбум төгрөгөөр Улаанбаатарын эвдэрсэн замуудыг нэгмөсөн нэг удаагийн дайралтаар хучаад дуусгая гэж байгаа юм. Энэ удаад усны хаялгыг давхар шийднэ. 50 тэрбум төгрөгөөр нь "Туул-1" коллектороо хийнэ" гэлээ. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос "Сөүл" рестораны газрын асуудал хөндөгдөж буй. Өнөөдөр тус байгууллагаас "Нийслэлийн өмнөх удирдлагуудтай "Сөүл" рестораны урд талын авто зогсоолыг явган хүний зам болгож өөрчлөөд хойд талд нь 50 автомашины зогсоолыг, орц, гарцтай нь шийдвэрлэхээр хэлэлцсэн. Гэвч өмнө нь ярилцсан зүйлээсээ ухарч, нийслэлийн удирдлагууд авто зогсоолоо чөлөөлөхийг шаардаж байгаа" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатараас байр суурийг нь тодруулахад "Д.Өнөрболор өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэн тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг хэдүүлээ сонгоё. 

Сонгууль дөхөж байна, эмэгтэй хүнд хэдэн үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамтлах, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй. Би харин хэлээ хазаад өнгөрье.

Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөө нь машин огт байхгүйгээр батлагдсан юм байна лээ. Д.Өнөрболороос айгаад тэнд нь зогсоол шийдье гэвэл би АТГ-т дуудагдана. Би түүнийг өөрчилсөн зүйлгүй, хот байгуулалт дээр аль эрт батлагдсан.

Парк бол тайван алхах орчин. Энэ тэндээс машин гараад ирэхвий гэх айдас хүйдэстэйгээр явах ёсгүй. Хоёрдугаарт төлөвлөгөө нь намайг ирэхээс өмнө батлагдсан" гэв.