Уншиж байна ...

ИНФОГРАФИК: Манай улсын таван хүн тутмын нэг нь таргалалттай байна

Б.Энхмарал, iKon.mn
2024 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2023 онд хийсэн судалгаагаар дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байна гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү судалгаанд дурдсанаар өмнө нь өндөр хөгжилтэй орнуудын асуудал гэгддэг байсан таргалалт нь өдгөө хөгжиж буй болон орлого багатай орнуудад илүү хурдацтай нэмэгдэж байгаа аж.

Халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан болдог таргалалтыг гэнэтхэн үүсчихдэггүй, олон жилийн хугацаанд бий болдог бөгөөд өндөр калор агуулсан хүнс хэрэглэдэг хэрнээ бага калор шатаадгаас үүддэг хэмээн үздэг.

Түүнчлэн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд таргалалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38 хувь, хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг хэмээн дурдсан байна.

Олон улсад таргалалтыг биеийн жингийн индексээр (BMI) хэмждэг ба BMI 25-30 хүртэл байвал илүүдэл жинтэй, 30 болон түүнээс дээш байвал таргалалттай хэмээн үздэг.

BMI тооцоолох:

           Биеийн жин /кг/
BMI = ----------------------------  
           Биеийн өндөр /см/2

Та өөрийн биеийн жингийн индекс (BMI)-ээ ЭНД ДАРЖ тодорхойлоорой. 

Халдварт бус өвчний Эрсдэлийн хамтын ажиллагаа (NCD-RisC) байгууллагаас дэлхийн улс орнуудын иргэдийн таргалалтын тайланг танилцуулжээ.

Тус байгууллагаас гаргасан тайлан мэдээг ашиглан улс орнуудын нийт иргэдийн таргалалтын хувь болоод насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн таргалалт, 18-аас доош насны охид, хөвгүүдийн таргалалтын түвшнийг улс орноор нь ялган үзүүллээ.

/Суман дээр дарж төрлөөр нь ангилж харна уу/

Графикт дурдсанчлан Науру, Күүкийн арлууд, Палау, Тувалу зэрэг Номхон далайд оршдог арлын улсууд таргалалт хамгийн ихтэй бол хөгжингүй орнуудыг Америк улс нийт хүн амын 36.2 хувь нь таргалалттайгаараа тэргүүлж байна.

Харин таргалалт хамгийн багатай улсуудыг Вьетнам, Бангладеш, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг Ази тивийн орнууд тэргүүлж байгаа юм.

Монгол улсын тухайд нийт хүн амын 20.6 хувь нь таргалалттай бөгөөд насанд хүрсэн эрчүүдийн 22.46 хувь, эмэгтэйчүүдийн 27.15 хувь нь таргалалттай байна. Хүүхдүүдийн хувьд хөвгүүдийн 8.32 хувь, охидын 3.66 хувь нь таргалалттай гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас 2024 оны байдлаар монгол эрэгтэйчүүдийн дундаж жин 71.9 килограмм, эмэгтэйчүүдийнх 65.3 килограмм байна хэмээн танилцуулсан.

Өсвөр насандаа илүүдэл жин, таргалалттай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай насанд хүрэгч болдог ба хүүхдүүд хэрэглээний мөнгөндөө тохируулж өндөр илчлэгтэй, амин дэм, эрдэс багатай, чихэр, давс ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байгаа нь таргалалтад нөлөөлж байна хэмээн НЭМҮТ-ээс хэлж байсан юм.