Уншиж байна ...

У Хем Ён: Үүсээд буй нөхцөл байдлын талаар БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан холбогдох байгууллагад мэдэгдсэн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын дундуур “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан юм.

Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг "Сөүл ресторан"-ы удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаа болон авто зогсоолын газраа чөлөөлөхийг шаардсан.

Улмаар өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан тус компанийн удирдлагуудад газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн билээ.

Тэгвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийнхний эрх ашгийг зөрчиж буй талаар "Сөүл" компанийн төлөөлөл өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д сэтгүүлчдэд хандсан юм.

Энэ талаар тус компанийн төлөөлөл "Манай компанийн эзэмшилд байдаг "Сөүл" ресторан нь 1960-аад онд байгуулагдсан "Туяа" кафегийн үйл ажиллагааг тэр хэвээр нь үргэлжлүүлж, өнгөрсөн 30 гаруй жилд үйл ажиллагаа явуулж буй Монголын үйлчилгээний салбарын ууган аж ахуйн нэгж юм.

Дээрх хугацаанд "Сөүл ХКК" нь хүүхдийн паркийн тав тухтай орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлэг, зам талбайг сайжруулах, сэргээн засварлах, арчлан хамгаалах зэргээр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүхий л үйл явцад санхүүгийн болон олон бусад дэмжлэг үзүүлсэн.

Өнгөрсөн жилээс Нийслэлийн удирдлагуудтай "Сөүл" рестораны урд талын авто зогсоолыг явган хүний зам болгож өөрчлөөд хойд талд нь 50 автомашины зогсоолыг, орц, гарцтай нь шийдвэрлэхээр хэлэлцсэн. Шинэ төсөл хэрэгжиж байх хугацаанд бид хойд талын талбайгаа авто зогсоолын журмаар ашиглаж байгаа. Энд ямар нэг хууль зөрчсөн асуудал гараагүй.

Гэтэл өмнө нь ярилцсан зүйлээсээ ухарч, нийслэлийн удирдлагууд авто зогсоолоо чөлөөлөхийг шаардаж байгаа нь 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй манай компанид болон энэ ресторанд ажилладаг 150 гаруй ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Төр захиргааны шийдвэрүүд урт настай, бодитой байвал хувийн хэвшлийн бидэнд ч бас алсын хараатай ажиллахад нөлөөлнө. Төсөл хэрэгжүүлнэ гэдэг нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж буй нь харамсалтай байна" гэж ярилаа.

"Сөүл" ресторан цэцэрлэгт хүрээлэн дэх ганцаардсан арал мэт үлдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүний дараа "Сөүл" группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал У Хем Ён "Манай ресторан 1996 оны дөрөвдүгээр сарын 1-нд хүүхдийн паркт үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 28 жилийн нүүр үзэж байна.

Энэ хугацаанд манайх Улаанбаатар хотын урдаа барих томоохон аж ахуйн нэгж болсон. Бид өнгөрсөн хугацаанд 150 гаруй ажилтнуудынхаа хамтаар татвар төлөгчийнхөө үүргийг сахин биелүүлж, одоогийн байдлаар 500 хүний суудалтай нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг билээ.

Өнгөрсөн хавраас эхлээд "Рио Тинто" компанийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь манай рестораны үйл ажиллагаанд саад болж байсан ч бид хотын захиргаа болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай бүхий л талаараа хамтран ажиллахаар хичээсэн юм.

Уг төслийн хүрээнд манай урд талын авто зогсоолыг нурааж явган зам барихаар болсон юм. Хотын өмнөх дарга Д.Сумъяабазартай таван сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд хойд талдаа зогсоол барихаар тохиролцсон. "Сөүл" рестораны үйл ажиллагааг тууштай явуулахын тулд 50 авто машины зогсоолыг шинэ хэрэгжүүлж буй төсөлд заавал тусгах ёстой.

Энэ сарын 19-нд хотын дарга Х.Нямбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилтай танилцах үеэр манай ресторанд авто машины зогсоол байх шаардлагагүй, долоо хоногийн дотор авто машинаа зайлуул гэж үүрэгдсэн.

"Сөүл" ресторан цэцэрлэгт хүрээлэн дэх ганцаардсан арал мэт үлдэж, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж байна.

Олон хүний талархлыг хүлээсэн ресторан маань хотын нэг эрх баригчийн шийдвэрээр хаагдахад хүрвэл хоёр улсын хооронд дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн хоёр улсын харилцан зөвшилцөл талаар болох эрсдэл үүснэ.

Бид энэ байр сууриа өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагчийн албанд бичгээр мэдэгдсэн. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд болон УИХ-ын даргад хандахаар төлөвлөж байна.

Мөн БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар холбогдох захиргааны байгууллагад мэдэгдсэн. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагад хандах бэлтгэл ажил хангагдсан.

Нэг ажлыг хийхийн тулд бусдын эрх ашигт халдаж, үл тоомсорлож болохгүй. 

Монгол Улсыг хууль дүрэм, дэг журам, хүний болон бизнесийн орчинд гадаад, дотоод гэж ялгалгүй хүний эрхийг дээдэлсэн газар гэж боддог. Ийм нийгэм Монгол Улсад цогцлох байх гэж найдаж байна" гэсэн юм. 

Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн хоёрдугаарт зааснаар бол үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь уг хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор орц, гарц гаргах, бусад зорилгоор бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал хүрээнд ашиглахыг шаардах эрхтэйгээр тогтоосон байдаг. Энэ хуулийг зөрчиж байна. 

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 2022 оны 21 дүгээр тогтоолоор авто зогсоолыг байгуулах шаардлагын дөрөвдүгээр зүйлийн 16-д Соёл, амралтын хүрээлэнд 100 хүн тутамд 20-оос доошгүй авто зогсоол барих, ресторан, кафед бол 100 суудал тутамд 25-аас доошгүй авто зогсоол байх шаардлагатайг хуульчилсан. Гэтэл "Сөүл" ресторан нь 500 хүний суудалтай. Тиймээс иргэдийн төлөөлөгчдийн гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдал хувийн хэвшлийнхэнд сөргөөр нөлөөлж байна гэж тус компанийн өмгөөлөгч онцолсон юм.