Уншиж байна ...

“Үндэсний Эвсэл” нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

ikon.mn
2024 оны 3 сарын 24
IKON.MN
зураг
 

“Үндэсний Эвсэл” нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өчигдөр Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өглөө. Тус эвсэл нь “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. 

Энэ үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Манай эвсэл үндэсний ардчилсан үзлийг үзэл баримтлалаа болгон өлгийдөн авч, үүндээ суурилсан мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. Мөн эдийн засаг, нийгмийн бодлогын уялдааг хангаснаараа онцлог буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан, баян чинээлэг амьдрахыг эрхэм болгосон” гэв.

зураг
 

“Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн мэргэжилтнүүдийн баг судалгаа, шинжилгээнд суурилан, хэрэгжих боломж, нөхцөлийг бүрэн тооцоолон ажиллажээ. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэж, шийдвэр болгоход улс төрчид үүд хаалгыг нь нээж, боломжийг нь бүрдүүлэх ёстой гэсэн “Үндэсний Эвсэл”-ийн нэг улс төрч-мянган мэргэжилтэн зарчимтай уялдаж байгаагаараа онцлог аж. 

Түүнчлэн Н.Номтойбаяр “Мөрийн хөтөлбөр боловсруулах явцад хуулийн дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулах ёстой байсан. Хэдийгээр улс оронд алс хэтийн бодлого байх нь зөв ч уг бодлогод тодорхой алдаа дутагдал байгааг мөн олж харлаа. Иймд цаашид улс төрийн нам, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангаж уг хөгжлийн бодлогод тодотгол, шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай” гэдгийг тэмдэглэв.