Уншиж байна ...

Илон Маскийн Neuralink компани бодлоороо онлайн шатар тоглож байгаа өвчтөнийг үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink Corp компани өчигдөр тархиндаа чип суулгуулсан анхны өвчтөний дүрсийг Х платформоор шууд дамжуулжээ.

Гэмтлийн улмаас дөрвөн мөч нь ажиллагаагүй болсон өвчтөн бодлоороо компьютер удирдаж, шатар болон видео тоглоом тоглож байгааг энэ үеэр үзүүлсэн байна.

Neuralink нь хүний тархийг компьютертой холбох технологи бүтээх зорилготой байгуулагдсан юм.

Тархиндаа чип суулгуулсан анхны өвчтөн нь 29 настай Ноланд Арбау байжээ. Тэрбээр найман жилийн өмнө усанд осолдохдоо нугасаа гэмтээж байсан гэнэ.

Шууд дамжуулсан дүрс дээр Арбау компьютер дээр шатар, “Civilisation VI” видео тоглоом тоглож байжээ.

“Чип суулгалт маш амархан байсан. Үүний ачаар миний амьдрал хэдийнээ өөрчлөгдөөд эхэлсэн” гэж өвчтөн ярьсан юм.

Арбау энэ оны нэгдүгээр сард тархиндаа чип суулгуулсан бөгөөд маргааш нь эмнэлгээс гарч байжээ.

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн онд Neuralink компанид хөгжүүлсэн технологио хүн дээр турших зөвшөөрөл өгч байв.

Үүнээс өмнө тус компани чипээ сармагчин дээр туршиж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg