Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв.
Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлээд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, давхар татварын хэлэлцээрийг ойрын үед байгуулахын төлөө байна гэлээ.
Мөн уулзалтаар шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.