Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп бизнесийн татварыг 15 хувь болгох төлөвлөгөөгөө зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бизнесийн байгууллагуудын ашгийн татварыг огцом бууруулж, оншор ашгаас 15 хувийн татвар, офшор ашгийн ихэнх хэсгээс тэг татвар авах төлөвлөгөөгөө зарлалаа.

Энэхүү татварын шинэчлэлт нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийг доод тал нь 3 хувьд хүргэх Трампын засаг захиргааны бодлогын нэг хэсэг болж байна. 2016 онд сүүлийн улиралд АНУ-ын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн өмнөх мөн үеэс 2.1 хувиар өссөн юм.

Бизнесийн ашгийн татвар одоо АНУ-д дунджаар 35 хувь байгаа нь дэлхийн хэмжүүрээр өндөрт тооцогддог.

Үүнээс болоод олон компаниуд орлого ашгаа офшор дансанд нуудаг юм.

Мөн Америкийн компаниудын дэлхийд өрсөлдөх чадварыг бууруулах үндэс болдгийг албаныхан тайлбарлаж байна. Дональд Трамп энэ төлөвлөгөөгөө “дэлхийд хамгийн өндөр татвартай орноос хамгийн бага татвартай оронд шилжих арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Гэвч Трампын төлөвлөгөөг сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа юм. Тухайлбал Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байсан Берни Сандерс “Трамп өөртөө болон тэрбумтан найз нартаа зориулсан татварын хөнгөлөлт хийж, төсвийн алдагдлыг улам нэмэх гэж байна. Ядарсан дундаж давхаргынханд энэ нь сайн нөлөө үзүүлэхгүй” гэжээ.

Трамп татварын шинэчлэлийн төлөвлөгөөгөө Сенат, Төлөөлөгчдийн Танхимын гишүүдээр сарын турш хэлэлцүүлж, тавдугаар сард эцэслэн Конгрессоор батлуулах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post