Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭХ-оос тавдугаар сарын 1-нд тайван жагсаал хийнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралдаж жагсаал, цуглаан хийх шуурхай шийдвэр гаргажээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч X.Амгаланбаатар "Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр олон улсын иргэд, хөдөлмөрчид өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө, өөрсдийн байр суурь, санаа бодлыг, тулгамдсан асуудлаа тухайн улс орныхоо төр засаг, Засгийн газарт илэрхийлж жагсаж цугладаг уламжлалтай.

Ийм учраас МҮЭХ-оос ирэх Даваа гараг буюу тавдугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд Улаанбаатар хотын төв талбайд, мөн бүх аймгийн төв талбайд жагсаал, цуглаан хийхээр албан ёсоор шийдвэрлэсэн. Энэхүү цуглаанаараа тухайн аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллагад, Монгол Улсын Засгийн газарт, Улсын Их Хуралд иргэд, хөдөлмөрчдийн тулгамдсан асуудлаар эв санааны нэгдлээ илэрхийлэх юм.

Жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл бид албан ёсоор авсан. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тайван зохион байгуулагдана.

Энэхүү цуглаандаа иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүд, ахмад буурлууд, залуучуудыг өөрсдийнхаа эрхийн төлөө, Монгол Улс эдийн засгийн хүнд байдлаас гарах нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж, жагсаал цуглаанд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

Жагсал цуглааны үеэр МҮЭХ-оос үндсэн гурван байр суурийг иргэд, гишүүдийн өмнөөс илэрхийлэх аж. Үүнд: 

  1. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас шаардана
  2. Татварын нэмэгдэл иргэдэд хүнд дарамт болж байгааг Засгийн газарт илэрхийлнэ
  3. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана

МҮЭХ-ны тэмцэл нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй, ерөнхийлөгчийн сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг мөн энэ үеэр албан ёсоор мэдэгдлээ.