Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхтөр: Төрийн албаны ажил хийлгэхгүй байгаа асуудлыг Цагдаагийн байгууллага анхаарах байх

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.

Сүхбаагар аймгийн Ардчилсан намын гишүүд  долоодугаар сарын 19-ний өдөр болсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэн аймгийн төв талбайд цуглаан, суулт зохион байгуулаад 20 гаруй хонож байгаа ажээ.

Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулиар Сухбаатар аймгнйн ИТХ-ын 33 суудлаас МАН 17, АН 16 суудлыг авч, МАН ялалт байгуулсан юм.

Анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 16 иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй учир  МАН-ын 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулж, Иргэдийн хурлын даргыг томилох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх гэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр “Зургаадугаар сарын 29-ний сонгуулиар ардчилсан нам ялчихсан байсан юм шиг ярьдаг. Тэр битгий хэл МАН 65 гишүүнтэйгээрээ Ардчилсан намын ялалтыг булааж авсан гэсэн мэдээллийг тараагаад байгаа.

Анхдугаар хуралдаанд 33 төлөөлөгчөөс 17 нь буюу олонхи хуралд ирсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасныг зөрчөөгүй учраас хуралдааны бүхий л шийдвэр хүчин төгөлдөр хэмээн тодорхойлсон байгаа.

Үүнийг бид өнөөдрийг хүртэл тэвчиж, харж явсан. Тэвчээрийн хязгаар гэж байдаг. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэдэг. Ийм байдлаар гишүүдээ ч тэр, Монголчуудыг ч тэр бүхэлд нь төөрөгдүүлж байгааг засаж залруулах ёстой. 

Мөн хууль бусаар анхдугаар хуралдаан зохион байгуулж, Засаг дарга, иргэдийн хурлын даргыг сонголоо гэсэн худал мэдээлэл ч тараасан.

Одоогоор жагсаал, суулт зохион байгуулагчдын шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч гарын үсэггүй тийм зүйл байгаа юм.

Суултын шаардлага ойлгомжгүй, үнэхээр сууж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байтал улс орны хэмжээнд хүртэл буруу мэдээлэл явуулж байгааг мөн засаж залруулмаар байна.

Олон хүний эрх ашгийг хөндөөд, төрийн албаны ажил хийлгэхгүй байгаа асуудалд Цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулах байх” хэмээв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэдийн хурлын дарга Б.Гансүх “Арванхоёрдугаар сарын 29-ний Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрээр анхдугаар хуралдаан хуулийн хүрээнд болсон гэдэг нь батлагдсан.

Одоогоор гурван удаа аймгийн иргэдийн хурал хуралдаад байна. Гурав дахь хуралдаанд ч мөн Ардчилсан намын төлөөлөгчид суугаагүй. Ард түмний эрх ашгийн төлөө заавал хуралд суух ёстой.

Өнөөдөр Сүхбаатар аймагт засаглалын хямрал гэдэг зүйл байхгүй, аймгийнхаа түвшинд хэвийн явж байна. Ийм байтал засаглалын хямралтай байна гэдэг мэдээллийг түгээгээд байгаа нь ойлгомжгүй байна” гэлээ.

Үүнээс гадна маргаантай тойргийн хувьд дахин сонгууль явагдаж, АН-ын гишүүн П.Мөнхжаргал сонгогдсон гэх боловч Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тухай болон хууль бусаар Сонгуулийн хороо байгуулж, хууль бус сонгууль явуулахаар оролдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь хуулийн байгууллага хэрэг үүсгэж, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлж, шалгах ажиллагаа дуусаагүй, Прокурорын шатанд хянагдаж байгаа юм байна.

Ийнхүү маргаантай асуудлууд шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд сумдаас иргэдийг хөлслөн авчирч, жагсаал цуглаан зохион байгуулж, энэхүү жагсаалдаа бага насны хүүхдүүдийг ашиглаж байгаа нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа тэд илэрхийллээ.