Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан Ордон: Солонгос олон мянган жилийн турш тусгаар улс байсныг бид сайн мэднэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” гэж хэлсэн үгний дараа Цагаан ордон албан ёсоор залруулга хийжээ.

Ерөнхийлөгчийн стратегийн харилцааны дэд туслах Майкл Антон “Бид ерөнхийлөгчийнхөө бусад орны удирдагчидтай юу гэж ярилцсан талаар тайлбар хийдэггүй. Гэхдээ Солонгос олон мянган жилийн турш тусгаар улс байсан гэдгийг сайн мэдэж байгаа” гэж Баасан гарагт Ёнхап агентлагт мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр Дональд Трамп Хятадын төрийн тэргүүнтэй Флоридад уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох арга замын талаар ярилцсан юм. Энэ уулзалтынхаа тухай Трамп өнгөрсөн долоо хоногт “Wall Street Journal” сэтгүүлд ярихдаа “Ши Жиньпин Солонгос, Хятадын түүхэн харилцааны тухай надад ярьсан. Мэдээж олон мянган жилийн түүх, олон удаагийн дайн байлдааны тухай. Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан шүү дээ. Түүний яриаг 10 минут сонссоны дараа би Хойд Солонгосд нөлөөлөх нь ямар хэцүү болохыг ойлгосон” гэжээ.

Энэ ярианы дараа Өмнөд Солонгос даяар иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Зөвхөн энгийн иргэд биш тус улсын гадаад хэргийн яам яг ямар яриа АНУ-Хятадын тэргүүнүүдийн дунд болсон талаар Вашингтоноос тодруулга хүссэн байна. Тэгвэл Цагаан ордон Өмнөд Солонгосчуудын сэтгэлийг засах зорилготой дээрх мэдэгдлийг гаргажээ.

 

Эх сурвалж: Korea Times