Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Татвар нэмэхийг тооцоолоод гаргасан инфляцийн төсөөлөл 6-7 хувь

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв банкнаас өнөөдөр эдийн засгийн статистик мэдээлэл, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр газрын захирлууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Эдийн засгийн төлөв байдал, өсөлт, инфляци, хөрөнгө оруулалтын талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас авсан тодруулгыг хүргэж байна.


-Эдийн засгийн төлөв 2017 онд ямар байна гэсэн хүлээлттэй байгаа вэ?

-Он гарснаас хойш бидний харж буйгаар эдийн засагт нэлээн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Гадаад эдийн засаг талаасаа авч үзвэл оны сүүлийн хагасаас ажиглагдсан манай гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт эерэг шок болж эдийн засагт орж ирж байгаа. Үнийн өсөлт цаашид хэр тогтвортой байх вэ гэдгийг бид ажиглаж байна. Дэлхийн улс орнууд дээр явагдаж буй эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүд, Европт хүлээгдэж буй сонгуулийн үр дүнгүүд, Хятадаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, геополитикийн асуудлууд зэрэг олон зүйлээс хамаарсан савлагаа байна.

Дээрээс нь 2017 оны гуравдугаар сард эргэн төлөгдөхөөр байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ амжилтай болсон. Манай эдийн засгийг гадны хөрөнгө оруулагчдын харж байгаа өнцөг нааштай, эерэг байна.

Нийт экспортын барааны эрэлт талаас нь авч үзвэл Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв байдал яах вэ гэдэг нь нөлөөлнө. Өнгөрсөн оны эдийн засгийн урьдчилан гүйцэтгэл нь бидний хүлээж байснаас харьцангуй өндөр гарсан. Энэ нь цаашид өндөр түвшинд хадгалагдвал бидэнд эерэг нөлөө үзүүлнэ.

ОХУ болон Европын эдийн засгийн өсөлт бидний хүлээлтээс өндөр, эдийн засаг нь хурдан сэргэхээр төсөөлөл гарч ирж байгаа. Энэ бол манай эдийн засгийн гадаад орчин талаасаа ирж байгаа эерэг үзүүлэлт байна.

-Дотоодын эдийн засагт оролцогчдын хувьд?

-Дотоод эдийн засгийг аваад үзвэл уул уурхайн бүтээгдэхүүний үнийн сэргэлттэй холбоотойр өнгөрсөн оны сүүлийн хагаст манай экспортын бараа, ялангуяа алт, нүүрсний экспорт, үйлдвэрлэлийн хэмжээ нэлээн өссөн. Энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа.

Банкны системд байгаа чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. Энэ бол дотоод зах зээлийн тоглогчдын хүлээлт өөрчлөгдсөнтэй холбоотой. Дээрээс нь бизнес идэвхжих хандлагатай байгаа.

Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хоёр түвшнээс буусан үзүүлэлт байна. Чанаргүй зээл дээр том жин дарж байгаа уул уурхайн салбарт эерэг өөрчлөлт гарч байгаа нь банкуудын зээлийн эргэн төлөлтөд сайнаар нөлөөлж байгаа.

-Энэ онд гадаадын ямар томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэх бол. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ онд хийгдэж гэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтууд буюу тухайлбал “Оюу толгой” компанийн 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт эерэг нөлөөө үзүүлнэ.

ОУВС-тай хөтөлбөрийн хэлэлцээр амжилттай явагдсан. Хөтөлбөрийн хүрээнд үүсэж буй давуу талууд нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засгийн харж байгаа өнцөг нэлээн өөрчлөгдөж байна.

Тухайлбал зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын эдийн засгийн төлөв байдлаар дүгнэлтээ өөрчилж байгаа. Хөрөнгө оруулалтын банкуудтай уулзахаар Монголын Засгийн газраас гарч буй бондыг худалдан авах сонирхол өндөр байгаа нь харагдаж байна.

Хөрөнгө оруулагчид бодлогын сахилга бат хангагдаж, бүтцийн шинэчлэл хийгдэх юм байна гэж харж байгаа нь эдийн засагт таатай нөхцөл үүсгэж байна.

-Эдийн засгийн өсөлтийг тоогоор хэлж болдоггүй юм уу. Гадаадын санхүүгийн байгууллагууд тоогоо нарийн хэлдэг. Манайх тойруулаад, тооноос зугтаад байдгийн учир юу вэ?

-Тооноос зугтаах биш, хэлдэг л дээ. ОУВС-гийн төсөөллөөр энэ оны эдийн засгийн өсөлт -0.2 хувь байна. Хамгийн сүүлд Дэлхийн банкны гаргасан төсөөллөөр өсөлт 2 хувь арай хүрэхгүй. Азийн Хөгжлийн банкных 2 орчим хувьтай байна. Монголбанкны төсөөллөөр 2 орчим хувь байх юм. Энэ тухай хамгийн сүүлд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн.

Яагаад тодорхой тоо хэлэхэд хэцүү байдаг вэ гэхээр энэ бол ирээдүйн төсөөлөл, таамаглал юм. Ирээдүйн таамаглалын тухай ярихдаа бид өнөөдөр байгаа мэдээлэл дээр үндэслэж байгаа учраас тодорхой бус байдлууд их байдаг. Тодорхой бус байдаг учраас төсөөлөл хийж буй байгууллагууд дэвүүр график буюу байж болох интервалаар харуулдаг.

-Тавдугаар сарын 1-нээс импортын барааны, шатахууны, автомашины гээд гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Энэ татварууд инфляцид ямар дарамт үзүүлэх вэ?

-Өмнөх Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал дээр инфляцийн төсөөллийг боловсруулахдаа авч үзсэн нэг нөхцөл нь энэ. Тухайн үед ОУВС-тай хэлэлцээ хийгээд төсвийн тодотголд энэ асуудал тусгагдана гэдэг тодорхой болчихсон байсан учраас бид тооцоололдоо авч үзсэн. Тооцоолоод авч үзсэний дараагаар боловсруулсан инфляцийн төсөөлөл 6-7 хувьтай байгаа.