Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн байлдааны хөлгүүд Солонгосын хойгт ирсэн нь худлаа байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгост цохилт өгөх зорилготой гэгдэж байсан USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч тэргүүтэй цохилтын бүлэглэл Солонгосын хойгоос хэдэн мянган километрийн зайнд байгаа тухай Мягмар гарагт хэвлэлүүд мэдээлжээ.

Хөлгүүд анх мэдээлж байсан шиг Солонгосын хойгийн ойролцоо биш, харин Австралийн тэнгисийн хүчинтэй хамтарсан сургуулилалт хийж байгаа тухай Defence News сонин мэдээлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагт буюу Хойд Солонгосын хамгийн том баярын өдөр тус бүлэглэл Солонгосын хойгоос 5,600 орчим километр алсад орших Индонезийн Ява, Суматра арлуудын дундуур нэвтэрснийг эх сурвалж баталжээ. Түүний дараах өдөр бүлэглэл Солонгосын зүгт биш, Энэтхэгийн далайг чиглэн явсныг Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. CNN мэдээлэхдээ тэднийг Сингапурын өмнөд хэсгийн усанд Австралийн тэнгисийн хүчтэй хамтарсан сургуулилалт хийгээд энэ сарын сүүлээр Солонгосын хойгт очино гэж мэдээлжээ.

Үүнээс өмнө Пентагон мэдээлэхдээ цохилтын бүлэглэлийг Хойд Солонгосын үүсгэн байгуулагчийн мэндэлсний ойн өдөр Солонгосын хойгийн усанд байрлаж, Пьёньян цөмийн туршилт хийвэл түрүүлж цохилт өгнө гэж байсан юм.

Мөн хөлөг онгоцнуудыг Австралид хийх байсан сургуулилалтаа хойшлуулаад Солонгосын хойгийг зорьсон гэж мэдээлж байв. Харин АНУ-ын эрх баригчид яагаад хөлгүүдийг Солонгосын хойгт илгээхээ больж, Австралитай хамтарсан сургуулилалтаа төлөвлөсөн ёсоор хийх шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Дөрөвдүгээр сарын 9-нд АНУ-ын Номхон далайн командлалын төлөөлөгч Дэв Бэнхэм хөлгүүд Солонгосыг зорих болсон тухай мэдэгдлийг анх хийж байсан юм.

Өчигдөр энэ мэдээлэл гарсны дараа Хятадын төрийн мэдээллийн Global Times сонин сошиал хуудсандаа “Өмнөд Солонгосын хүлээж байсан Америкийн хөлгүүдийн аль нь ч ирсэнгүй! Хуурчихжээ!” гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times