Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"29-р сургуулийн дохионы багш болон ярилцлага авах үед байсан багш нар дарамтад орсон"

Б.Ану
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
29-р сургуулийн сурагчдын жагсаалын үеэрх зураг,

"Би хэлэхийг маш их хүсэж байна. Анх удаа танд хэлж байна. Би хэлэх гэхээр гэр бүлийн хүмүүс дохионы хэл ойлгохгүй. Би бичгээр бичиж чадахгүй. Багш нарынхаа тухай хуулийн байгууллагад хэлж чадахгүй маш их хаагдмал байдаг. Зүгээр доромжлуулаад л, хараад байж байдаг. Аав, ээждээ бичээд өгөхөөр наад бичсэнийг чинь ерөөсөө ойлгохгүй байна гэдэг. Хэн бидний төлөө дугарах вэ, хэн бидний төлөө зүтгэх вэ гэхээр хэн ч байдаггүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө төлөө зогсоно. Бүүр бухимдаад аргаа бараад жагссан юм" гэж 29-р сургуулийн сурагч "А" Мэдээ.мн сайтад өгсөн ярилцлагадаа ярьсан билээ. 

"Нэг эрэгтэй багш завсарлагаа болгоноор охидод бэлгийн дарамт үзүүлдэг. Бүр сурчихсан. Их гаж донтой хүн байдаг. Тэврээд, үнсээд, хүүхдүүдийн нүдэн дээр байнга хүрэх ёсгүй газарт нь хүрээд, хүчээр бөгс, хөх зэргийг нь базаад байдаг. Залуухан, эрэгтэй 2-3 тийм гаж багш байдаг. Манай сургуульд олон залуу эрэгтэй багш бий. Миний үеийн олон сонсголгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог" гэсэн түүний яриа олон хүний анхаарлыг татаж өнөөдөр тус сургуулийн багш, ажилчид, тэдний өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийлгэсэн юм. 

29-р сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа “Бид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна. Ер нь хүүхдүүд хэнд хандах нь өөрсдийнх нь эрх.

Гэхдээ бид бичлэгийг үзэхэд манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан.

Мэдээ.мн-д ярилцлага өгсөн хүүхдийн ярианд өөр хэлмэрчийн санаа оноо орсон байх магадлалтай. Тиймээс бид дүрсжүүлсэн бичлэг шаардлагатай гэж үзэж байгаа юм" гэж ярьсан юм. 29-р сургуулийн багш, ажилчдын хийсэн хэвлэлийн бага хурлыг ЭНД дарж үзэх боломжтой. 


Харин энэхүү ярилцлагыг хийсэн Мэдээ.мн сайтын хамт олныг төлөөлж хэвлэлийн бага хуралд оролцсон  тус сайтын Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Б.Гантуяатай холбогдон дараах асуултуудад хариулт авлаа. 

- Мэдээ.мн сайтыг шүүхэд өгнө гэлээ. Асран хамгаалагчтай байхад нь ярилцлага аваагүй гэж байна. Та бүхэн эх сурвалжийн мэдээллээ яаж нотлох бас хамгаалах вэ?
- Ярилцлагыг бид хүүхдүүдийн хичээл тарсан өдөр, сургуулийн дотуур байранд очиж авсан. Энэ ярилцлагыг авахад сурагч хүүгээс гадна манай сэтгүүлч, гэрэл зурагчин болон орчуулагч багш, мөн сургуулийн дотуур байрны багш гээд хэд хэдэн хүн гэрчилнэ. Мөн бидэнд орчуулагч багшийн дуу хоолойны бичлэг байгаа. 

- Хамгийн гол нь орчуулагч багшийн дуу хоолой баримт болохгүй гээд байна. Амьд гэрчүүд л та бүхний ярилцлагыг гэрчлэх боломжтой гэж үзэх үү?
- Бид мэдээлэх үүргийнхээ дагуу сурагчдад тулгамдаж байгаа асуудлыг гаргаж тавьсан. Одоо хууль цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. 

- Сурагч А танай сайтад өөрөө хандаж ярилцлага өгсөн үү. Та бүхэн анх ярилцлага авах санал тавьсан уу?
- Хүүхдүүд хичээл хаясан өдөр бид сурвалжлага хийж багш сурагчдын байр суурийг нийтэлсэн. Улмаар хичээл хаялт дууссаны дараа сургуулийн удирдлагууд ямар шийдвэр гаргасан талаар мэдээлэл авахаар очихдоо хүүгээс ярилцлага авсан. 

- Сурагч А -н ярьсан бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг та бүхэн түрүүлж мэдсэн байсан уу. Эсвэл энэ ярилцлагаар л мэдсэн үү?
-Ярилцлагын үеэр энэ талаар анх удаагаа ярьсан. Ганцхан сурагч А биш сургуулийн хүүхдүүд мөн энэ талаар мэддэг тухайгаа дурдсан байдаг.  

- Энэ ярилцлагын дараа сурагч А-тай холбогдож чадахгүй байгаа. Эцэг, эх нь дарамтанд учраад байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?
- Хүүхдийн яриаг орчуулж өгсөн орчуулагч багш болон ярилцлага авах үед байсан багш нарт сургуулийн зүгээс дарамт байгаа тухай мэдээлэл бидэнд байгаа. Мөн ярилцлага гарсан даруйд багш нар, Сэлэнгэд байгаа сурагч А болон түүний эцэг, эхийг дарамталж худал зүйл ярилаа хэмээн сүрдүүлсэн мэдээлэл бий. Мөн хүүгийн ээж манай сэтгүүлчтэй холбогдохдоо маш их дарамттай байгаа тухайгаа ярьсан байдаг.

- Бэлгийн дарамт учирсан сурагчдын талаар ярихдаа сурагч А өөр баримт дурдсан уу. Багш нарын нэр гэх мэт?
-Ярилцлагад хүний нэр дурдаагүй. 29-р сургуулийн хоёроос гурван эрэгтэй багш бий. Эдгээр багш нар охидын биед халддаг гэх утгатай мэдээлэл өгсөн. 


Ийнхүү хоёр тал хоёулаа асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой дээр санал нэгдээд байна.

Харин Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны зүгээс 29-р сургуульд болж байгаа үйл явдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулан шалгалт явуулаад байгаа билээ. 

Одоогоор сургуулийн хичээл амарсан байгаа учраас шалгалтыг хэвийн үргэлжлүүлж, сурагч нартай уулзах боломж бага байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээд буй. Энэхүү шалгалтын талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.