Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орост болсон эсэргүүцлийн жагсаалын анхаарал татсан зургийн эзэн хэн байв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Орос орон даяар эрх баригчдын эсрэг томоохон жагсаал цуглаан болж олон зуун хүн баривчлагдсан билээ.

Энэ арга хэмжээ нь сүүлийн хэдэн жилд Орост болоогүй үйл явдалд тооцогдож байв. Жагсаалын явцыг харуулсан олон фото, видео материалууд интернэт ертөнцөөр тарж байсны дотор цагдаа нарт баривчлагдан явж байгаа залуу эмэгтэйн гэрэл зураг дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан юм.

Тэгвэл энэхүү гэрэл зургийн эзэн хэн болохыг Оросын Медуза онлайн сэтгүүл тодруулж, цагдаагийн газарт саатуулагдаад байгаа эмэгтэйгээс товч ярилцлага авсан байна.

Эмэгтэйг Ольга Лозина гэдэг бөгөөд Физик-Техникийн Дээд сургуулийг саяхан төгссөн гэнэ. Тэрээр Ням гарагт Москва хотын төвд ээж, эгч нарын хамт зугаалж яваад санамсаргүй жагсагчид, цагдаа нарын дунд орчихсон байна. Гэнэт ОМОН-ы дайчид гарч ирээд зарим жагсагчийг баривчилж эхэлсэн ба Ольгагийн ээж хажуудаа явсан залууг баривчлагдахыг хараад цагдаагаас чухам ямар шалтгаанаар түүнийг баривчилж байгааг асуужээ. Ингэсэн нь буруугаар эргэж, ээж, эгч хоёрыг нь мөн цагдаа нар авч явсан тул Ольга араас нь хөөцөлдөж яваад бас баригдахад хүрсэн байна.

Цагдаагийн газарт ярилцлага өгч байхдаа Ольга хэзээ суллагдахаа мэдэхгүй байгаагаа ярьжээ.

Хүний эрхийн байгууллагуудын тооцоолж байгаагаар Ням гарагийн жагсаалын үеэр нийт 1,000 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан байна. Харин эрх баригчид энэ тоог 500 гэж мэдээлсэн юм.

Жагсаалыг зохион байгуулсан сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн шалтгаанаар 15 хоног хорих шийдвэрийг Даваа гарагт Москва хотын шүүх гаргажээ.

 

Эх сурвалж: Time.Com