Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн махны экспорт өдрийн $60 саяас $74 мянга болж уналаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер Анголын элчин сайдын хамт

Мах үйлдвэрлэгчидтэй холбоотой дуулианы улмаас Бразилийн махны экспорт өнгөрсөн долоо хоногт огцом уналттай байлаа.

Муудсан махыг химийн бодис ашиглан өнгө, үнэрийг нь засаж экспортод гаргаж байсныг Бразилийн хяналт шалгалтынхан авлига авч нуун дарагдуулдаг байсан нь илэрсэн юм. Засгийн газар энэхүү дуулианыг дарахыг оролдож, хэргийг илрүүлсэн холбооны цагдаагийн газрыг хэтрүүлсэн мэдээлэл тараалаа хэмээн шүүмжилж байв. Гэвч эрх баригчдын хүчин чармайлт талаар болж Бразилийн махны экспорт богино хугацаанд эрчимтэй унажээ.

Жил бүрийн гуравдугаар сард тус улс өдөрт $60 саяын мах гаргадаг байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар энэ тоо $74,000 болж буураад байгааг Хөдөө Аж Ахуйн сайд Блайро Магги Лхагва гарагт сенатад мэдээлсэн байна.

Хэрэг явдалтай холбогдуулан Бразилийн засгийн газар 21 компанийн экспортыг зогсоон шалгаж эхэлсэн ба 4,000 орчим махны үйлдвэр авлигын хэрэгт холбоотой болохыг зарласан нь нэмэр болсонгүй.

Хамгийн сүүлд Өмнөд Африкийн БНУ тус улсаас мах авахаа зогсоосон бол үүнээс өмнө Европын Холбоо, Хятад, Япон, Мексик зэрэг орнууд ийм шийдвэр гаргаад байгаа юм.

Үхэр, гахай, тахианы махны экспорт Бразилийн нийт экспортын 15 хувийг эзэлдэг. Тиймээс угийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа тус улсад хүнд цохилт болох нь гарцаагүй.

Өнгөрсөн Мягмар гарагт хэргийг шалгаж байгаа холбооны цагдаагийн газар, засгийн газар хоёр хамтарсан мэдэгдэл хийж, илэрсэн хэрэг нь харагдаж байгаагаасаа жижиг, санаа зовоох хэмжээнд биш хэмээн зарласан нь гадаад нөхцөл байдлыг өөрчлөх зорилготой байлаа. Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер тус улсад суугаа гадаад орнуудын элч төлөөлөгчдийг зоогонд урьж, бразил мах аюулгүйг харуулах гэж өөрөө хүртэл хэрэглэж үзүүлсэн юм.

Гэсэн хэдий ч улс орнууд тэдний үгэнд итгэхгүй байгаагаас гадна Бразилийн засгийн газрын бодит байдлыг нуун дарагдуулах гэсэн оролдлогыг шүүмжилж байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times