Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэд АНУ-ыг зорихоос зугтах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хаврын амралтаар Канадын эцэг эхчүүд хүүхдүүдээ Нью-Йорк хотоор тойрон аялах үйлчилгээнд хамруулж, Эрх Чөлөөний хөшөө, Рокфеллерийн төв зэрэг байгууламжуудыг үзүүлдэг уламжлалтай. Ийм аялалын үйлчилгээ эрхэлдэг Торонтод байрлах Comfort Tour компанийн хувьд жил бүрийн гуравдугаар сард 200-300 хүнд үйлчилдэг оргил сар нь байв. Гэтэл энэ жил тэд 11 хүнээс л захиалга авчээ.

Компанийн менежэр Аль Канун “Манай ихэнх үйлчлүүлэгчид болох Англо-саксон хүмүүс ч хил давахаас айдаг боллоо. Тэд шоронд орохыг хүсэхгүй байна” гэж ярьж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зарлигт Ойрх Дорнод, Африкийн зарим орнуудаас ирэгсдийг Нэгдсэн Улсад нэвтрүүлэхийг хориглосон. Гэвч нөлөө нь үүнээс ч илүү байгаа юм.

Үнэндээ уг хоригт хамрагдсан муслим хүн амтай долоон орны иргэд Америкт ирэгсдийн 0.1 хувийг л бүрдүүлдэг аж. Гэвч нисэх буудал, хилийн шалган дээр тохиолдох болсон таагүй уур амьсгал, баривчлагдаж, саатуулагдсан хэргүүд муслимын ертөнцтэй ямар ч хамаагүй хүмүүсийг айлгах болжээ.

Австралийн Traveller сэтгүүлийн саяхны дугаарт “Хэрвээ та ‘Mem Fox’-д тохиолдсон шиг зүйлийг хүсээгүй бол Америкт аялах тухайгаа дахин сайн бодоорой” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Энд дурдсан ‘Mem Fox’ нь тус улсын нэртэй хүүхдийн зохиолчийг хэлж байгаа юм. Тэр АНУ-д болсон утга зохиолын арга хэмжээнд оролцох гэж явахдаа Лос Анжелесийн нисэх буудалд байцаагдаж, эвгүй байдалд орсон ба дараа нь Америкт хэзээ ч очихгүй гэж амлаж байжээ.

Нэгдүгээр сарын сүүлээр “The Toronto Star” сонин Дональд Трампыг солигдох хүртэл онц шаардлагагүй бол Америкийг зорихгүй байхыг Канадчуудад анхааруулж байв.

Мексикийн зохиолч Ана Теран жил бүр өөрийн суралцаж байсан Америкт 3-4 удаа зорчдог байжээ. Гэвч  өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур тэр бие нь муудсан найзыгаа эргэхээр очихдоо нисэх буудалд саатуулагдаж, гурван цаг болсны эцэст нэвтэрч чадсан байна. Яагаад ингэж саатуулах болсон нь тодорхойгүй ч түүний Мексикийн паспортоос болсон байх гэж тэр ярьжээ.

Одоо Теран дахин Америкийг зүглэхгүй гэдгээ энэ явдлын дараа амлаж байна.

Зарим судалгааны компанийн тооцоолж байгаагаар ирэх оны сүүл гэхэд АНУ 6.3 сая жуулчин алдаж, $10.8 тэрбумын орлогоо алдахаар байгаа гэнэ.

Мөн жуулчлалаас хамааралтай ажил эрхэлдэг 90,000 америк хүний амьдралд Трампын нөлөө тусахаар байна.

Трампын “Америк нэгдүгээрт” гэх уриа нь худалдаа, дипломат харилцаа, аялал жуулчлал гээд бүх салбарт сөргөөр нөлөөлж байгааг тус компанийн менежэр ярьж байна.

Зөвхөн Нью-Йорк хот гэхэд л энэ жил 300,000 жуулчин алдах тооцоо гарчээ. Тус хотын захиргаа жуулчдыг татах шинэ сурталчилгаандаа Трампын нэрийг аль болохоор дурдахгүй байж, уугуул иргэнээсээ зай барьсан байна.

“Хүмүүс Нью-Йоркийг цагаачдын хот гэдгээр нь мэднэ. Энэ бол бидний бахархал. Гэвч Трампыг манай хотын иргэн гэдгийг мэдвэл буруу ойлголт төрөх аюултай байна” гэж тус хотын аялал жуулчлалын агентлагийн дэд ерөнхийлөгч Кристофер Хэйвүүд ярьж байна.

Саяхан Германы Берлинд болсон ITB Berlin аялал жуулчлалын арга хэмжээнд оролцоод ирсэн Хэйвүүд тэнд уулзсан хүмүүсийн ярианы гол сэдэв нь АНУ-ын улс төрийн бодлого байгаа тухай хэлсэн юм.

“Хүмүүс хил дээр юу тохиолдох бол. Гар утсыг нь нэгжих болов уу, вэб сайтын нууц үгийг нь шаардах болов уу гээд олон зүйлд санаа зовж байна” гэж Хэйвүүд ярьж байна.

Өнгөрсөн Лхагва гарагт нийтлэгдсэн Вашингтоны Global Business Travel Association байгууллагын судалгааны дүнд Европын бизнес аялагчдын 45 хувь нь уулзалтаа АНУ-д төлөвлөхөөс зайлсхийж байгаа нь харагджээ.

Ийнхүү Дональд Трампын визний хориг байгаа онолгүй, Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press